Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж, Төрийн өмчийн компаниудын хяналтын болон бүтээмжийн менежерүүд, яам удирдаж байгаа сайд нарын орон тооны зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилох шийдвэр гаргасан билээ.

Шинээр томилогдсон дэд сайдуудын нэрсийг харахад уг томилгоонд МАН фракц, фракцийн төлөөллийг багтаахаар хичээж ажилласан нь харагдаж байна.

Тодруулбал Г.Занданшатар, Н.Учрал, М.Энхболд, Я.Содбаатар нар голлон төлөөллүүдээ багтаасан байх аж. Мөн Д.Амарбаясгалангийн талд ажиллаж байсан болон МАН-ын ахмад кадруудын хүүхдүүдийг ч дэмжиж, дэд сайд болгосон байна. Түүнчлэн Ерөнхий Сайд асан Л.Оюун-Эрдэнийн төлөөлөл ч дэд сайд болжээ.

Эх сурвалжуудын хэлж буйгаар Л.Оюун-Эрдэнэ бараг сар гаруйн өмнөөс л Д.Амарбаясгаланг улайран хамгаалахгүй, цаашид намынхаа өнөөгийн удирдлага болон түүнээс томилогдсон Засгийн Газрын эсрэг элдэв үйл ажиллагаа явуулахгүй, харин ч дэмжиж ажиллана гэдгээ албан ёсоор илэрхийлсэн байна.