Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин "ОХУ-аас нийлүүлж буй шатахууны хэмжээ нэмэгдсэн ч шатахуун түгээх станцын дараалал буурахгүй байсан. Харин өнөөдрөөс харьцангуй багасаж байна. Сарын сүүлээр нийлүүлэлт сайжирсан тул ард түмэн маань он гарахад автомашиныхаа шатахууны саванд бензинтэй байхаар боллоо. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон яамны ажилчид бид өнгөрсөн шөнө 03:00 цаг хүртэл шатахуун түгээх станцын агуулахуудад ажиллалаа. Нийт 250 гаруй шатахуун түгээх станцад зэрэг нийлүүлэлт хийгээд нөөцлөөд явбал асуудал үүсэхгүй. Гэсэн ч өчигдрийн байдлаар 181 шатахуун түгээх станцад АИ92, АИ95 шатахууныг агуулахаас түгээлээ. 

Ард иргэд маань уужирч, шинэ жил, шинэ оноо нефть бүтээгдэхүүний хомсдолгүй давах болно гэдгийг хэлье" гэв. 

ОХУ-аас дөрөв, БНХАУ-аас хоёр боомтоор шатахуун импортолж байна. Нийт зургаан боомтоор өнөөдрийн байдлаар 58,724 тонн АИ92, 2387 тонн АИ95, 163,500 тонн дизель түлш, нийт 233,962 тонн шатахуун импортоор оруулж иржээ.

Толгойт өртөөнд өнөөдөр найман ААН-ийн 74 вагон буюу 4200 тонн АИ92 автобензин буухаар байна. Энэ шатахууныг бүх аж ахуйн нэгжид түгээх аж. Иймд шатахуун түгээх станцууд нэгэн зэрэг АИ92 шатахуун борлуулах боломж бүрдэж байгааг салбарын яамнаас мэдээллээ.