Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя
3 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт дэд сайд нарыг томилсон нь улс төр, нийгэмд нэлээд шүүмжлэл дагуулж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Дэд сайд нарын томилгооны тухайд тэртэй тэргүй Засгийн газрын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Бид тодорхой эрх мэдлийг Засгийн газарт Үндсэн хуулиараа өгсөн. Тийм болохоор эндээс мянга томилно, томилохгүй гэж ярих нь зохимжгүй. Тэгээд ч угаасаа хуулиараа боломжгүй болчихсон. Нөгөө талаасаа сөрөг хүчин маань үүн дээр тодорхой асуудлыг гаргаж тавьж байх шиг байна. Тиймээс миний хувьд сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах юм уу, үгүй юу гэдгийг л харъя гэж бодож байгаа.
-Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах бичигт 32 гишүүний гарын үсэг цуглуулж чадах эсэхийг нь харъя гэж үү?
-Тийм.
-Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өөрийн бланк дээр Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулаад эхэлсэн гэж мэдэгдсэн. Тан дээр энэ бичиг нь орж ирсэн үү?
-Над дээр орж ирээгүй. Энэ бол Ардчилсан нам буюу сөрөг хүчний хэр чадлын л асуудал шүү дээ. Тиймээс л хүчтэй сөрөг хүчин байж чадах эсэхийг нь харъя гээд байгаа юм.
-Хуулиараа дэд сайдтай байж болно гэж заасан ч энэ Засгийн газар томилогдохдоо төрийн албыг цомхон болгоно гээд баахан зорилт дэвшүүлчихсэн. Үүнтэйгээ зөрчилдөөд, яг эсрэг зүйлийг хийгээд байна гэх шүүмжлэл байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Энэ асуултад тань хариулахаас би түдгэлзмээр байна. Түдгэлзэнэ гэдэг чинь өөрөө бас нэг төрлийн байр суурь шүү дээ.
-Таны хувьд саяхан гишүүдийн ашиг сонирхлыг хуульчлах асуудлыг ярьж, мэдээлэл хийж байсан. Энэ хуулийн гол зорилго нь юу байх вэ?
-Бид авлига, албан тушаалын гэмт хэргийн тухай маш их ярьдаг. Гэхдээ дандаа асуудал гарсных нь дараа хэргийн мөрөөр ажилладаг. Тиймээс энэ асуудлаас урьдчилан сэргийлэх тал дээр юу хийж байна вэ гэдгээ бид эргэж харах ёстой. Тэр дундаа парламентаас, Засгийн газраас энэ бүхэн эхлэх ёстой гэж би харж байгаа. Ерөөсөө авлига, албан тушаалын гэмт хэрэг үүсээд байгаа суурь нөхцөлүүд бол гишүүд, өндөр албан тушаалтай хүмүүсийн ашиг сонирхлын зөрчил. Нээлттэй байдаггүй. Бид жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ ашиг сонирхлын мэдүүлэгтэй цуг гаргаж өгдөг.
Гэхдээ зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуй хэсэг нь л байдаг. Тийм болохоор бид энэ хүн тэдэн байшин, ийм машинтай гэнэ л гэж ярьдаг болохоос биш цаад мөн чанар руу нь огт орохгүй байгаа юм. Авлигатай тэмцэх газар ч энэ асуудлыг нээлттэй, ил тод, тодорхой болгохгүй өдий хүрсэн. Тэгэхээр энэ бүхэн нээлттэй болох ёстой. Хуулийн төсөл дээр үүнийг нээлттэй болгох, дээрээс нь зөвхөн АТГ-ын сайт дээр биш, парламентын сайт дээр ч ил байх хэрэгтэй. Х.Баасанжаргал гэдэг хүн ямар асуудал дээр ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэдэг нь нээлттэй байх ёстой юм. Нөгөө талдаа надад ашиг сонирхлын зөрчил үүсч магадгүй байна гээд түүнийгээ илэрхийлсэн нь ч нээлттэй байж байх ёстой. Энэ бүхэн хэзээ ч нээлттэй байгаагүй. Үүний маш том үр дагавар нь маш их хардалт, сэрдэлт явдаг. Энэ хүн тэр компанитай холбоотой, сонгуулийн үеэр гурван үсэгтэй компаниас хандив авсан л гээд байдаг.
Тэгсэн мөртлөө ашиг сонирхлын зөрчил гэдэг нь юу вэ гэсэн нарийн зүйл рүү орж ерөөсөө чадахгүй байгаа юм. Харин энэ бүхнийг нээлттэй болгоод ирэхээр бид иргэдийнхээ хяналтад орж эхэлнэ. Мөн манай улс жил бүр л авлигын индексээрээ ухраад байна. Үүнд хамгийн их нөлөөлж, муу оноо авдаг зүйл гэвэл хэсэг бүлэг нөхдүүдэд зориулсан бодлого, хууль батлаад байгаа юм биш биз дээ гэсэн хардлага. Үүн дээрээ манай улс хамгийн муу оноо авдаг. Энэ бүхнээ бид хянаж чаддаггүй учраас ингээд байгаа юм. Тиймээс Улсын Их хурлын тухай болон Дэгийн тухай хуульд орж байгаа энэ өөрчлөлт дээр жагсаалтаар орсон гишүүд санал нэгдэж өргөн барьж байгаа юм. Одоогоор бол яг төслийн хэмжээнд байна. Харин ирэх долоо хоногт УИХ-ын даргад өргөн барихаар төлөвлөж байгаа.
-Ашиг сонирхлын зөрчил үүсэх нь гээд санал өгөхөөс татгалздаг болчихвол улс төрийн элдэв шийдвэр, төсөв батлах гээд чухал зүйлс батлагдахгүй, кноп хүрэхгүй байх эрсдэл үүсэхгүй юу. Эсвэл татгалзаагүйнхээ төлөө нийгэмд элдвээр хэлүүлээд эхлэх юм биш үү?
-Тийм болохоор л үүнийг нээлттэй болгох ёстой юм. Х.Баасанжаргал гэдэг хүн хэдэн компанитай, ямар, ямар газраас ашиг орлого авдаг вэ. Өнөөдөр баталж байгаа хууль нь тэр компанид нь давуу байдал бий болгох уу. Бид үүнийг ерөөсөө ярихгүй байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд л шатахуун импортолдог компаниудад хадгалах сав авахад нь зориулсан хөнгөлөлттэй зээл олгох хуулийг бид саяхан баталсан. Үүнийг хэлэлцэж байхад хэн татгалзсан юм. Уг нь татгалзах ёстой хүмүүс 126 гишүүн дотор байгаа юу гэвэл байгаа шүү дээ. Гэтэл яагаад ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлэхгүй байгаа юм.
-Одоо хуулиараа ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлэх ёстой юм уу?
-Уг нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлнэ гэсэн заалт нь байгаа юм. Гэхдээ хэрхэн хэзээ, хэн яаж хяналт тавих вэ гэдэг процесс огт байхгүй. Харахаар хуульд нь заалт байгаад байдаг. Тэгсэн хэрнээ хэн ч хэрэглэдэггүй, хэрэгжүүлдэггүй. Тиймээс л бид үүнийг ил тод болгохгүй бол авлигын тухай яриад ямар ч амжилтад хүрэхгүй.
-Ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлээгүй бол ямар хариуцлага оногдуулахаар тусгаж байгаа вэ?
-Бид одоогийн байдлаар УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмээр зохицуулж байгаа. Үндсэндээ УИХ-ын гишүүнд гурван төрлийн хариуцлага ногдуулдаг. Эрүүгийн хариуцлага, Үндсэн хуулийн хариуцлага, Ёс зүйн хариуцлага байдаг. Тэгээд энэ гурвыг нь дэнслээд сонгогч дараагийн сонголтоо хийхдээ анхаарч үзэх ёстой. Одоогийн байгаа Ёс зүйн дүрэм дээр сайн дураараа татгалзах гэдэг үг бий. Харин одоо бол заавал татгалзах ёстой болгож өөрчилж байгаа юм.
ӨДРИЙН СОНИН







Зочин · 3 цагийн өмнө
SADARTLA XUCHINDUULI BIEE UNELLEED AL SEKSY ANUSDI BOOB XXMOOR DOLOOJ