ҮНЭ ХАНШ: Өрхийн орлого 2,2 хувиар өсөж, талх, махны үнэ нэмэгджээ
17 минутын өмнө

Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувь өссөн ч худалдаа, үйлчилгээний идэвх буюу дотоод эрэлт мууджээ.
Өрхийн орлого 2025 оны эцэст улсын хэмжээнд таван хувь нэмэгдсэн дүн гарсан ч энэ нь хот хөдөөд ялгаатай байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотод амьдарч буй өрхийн орлого 2.2 хувь өссөн бол орон нутгийн өрхийн орлого 10.5 хувь нэмэгдсэн гэв. Үүнд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, мах, ноос ноолуурын үнийн өсөлт, орон нутагт ажиллаж буй албан хаагчдын цалингийн нэмэгдэл зэрэг нь нөлөөлжээ.
Гэхдээ 2025 оны эцэст инфляц улсын хэмжээнд 7.5 хувьтай байв. Харин өрхийн орлогын өсөлт улсын хүн амын тал нь амьдарч буй нийслэл хотод 2.2 хувь гарсан нь орлогын өсөлт инфляцыг гүйцэж чадахгүй байгааг харуулж байна.
Мөн энэ сарын 04-ний байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгджээ.

Тодррулбал, Улаанбаатар хотод худалдаалагдаж буй гол нэрийн зарим барааны үнэ 2026 оны тавдугаар сарын 4-ний байдлаар өмнөх сараас 3.3 хувь, өмнөх долоо хоногоос 1.0 хувиар өссөн байна.
Хамгийн өндөр өсөлттэй бараанд ямааны мах багтаж, өмнөх сарын дундажтай харьцуулахад 19.5 хувиар өсөж, нэг килограмм нь 19 мянга 626 төгрөгт хүрсэн байна. Мөн үхрийн цул мах 6.6 хувь, үхрийн ястай мах 5.6 хувь, хонины ястай мах 5.5 хувиар тус тус нэмэгджээ.

Талх, гурилан бүтээгдэхүүний үнэ мөн өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, “Мишээл” талхны үнэ өмнөх сараас 7.7 хувь, “Атар” талх 4.4 хувь, хар талх 3.6 хувиар өссөн байна. Тараг, байцаа, ургамлын тосны үнэ ч мөн өмнөх сарынхаас нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Харин зарим төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байсан бөгөөд адууны махны үнэ өмнөх сараас 0.1 хувь, задгай сүүний үнэ 0.6 хувь, АИ-92 Евро автобензиний үнэ 1.5 хувиар буурсан байна.
Тайлант хугацаанд “Алтан тариа” гурилын дээд болон I зэргийн савласан гурил, цагаан будаа, элсэн чихэр, цөцгийн тос, алим, төмс зэрэг бүтээгдэхүүний үнэ өөрчлөлтгүй байна.
Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины болон үхрийн махны үнэ 2.1-2.4 хувиар өссөн бол сонгино 1.3 хувь, ямааны мах 1.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Түүнчлэн хүрэн манжингийн үнэ 0.4 хувь, адууны мах 0.8 хувь, АИ-92 Евро автобензин 1.5 хувиар тус тус буурчээ.






