Жеффри Эпштейний хэргийн эхлэл, төгсгөл

Еврей гаралтай АНУ-ын тэрбумтан, санхүүч Жеффри Эпштейн хүүхдийн наймаа, насанд хүрээгүй охидын бэлгийн мөлжлөг, олон улс дамнасан гэмт хэргийн нууц сүлжээ байгуулсан хэрэгт буруутгагдсан.

Жеффри Эпштейний эсрэг анхны хэрэг 2005 оны хавар гарч иржээ. Нэгэн эмэгтэй 14 настай өргөмөл охин нь хүчирхийлэлд өртсөн тухай мэдээллийг цагдаагийн газарт өгчээ.

Үүний мөрөөр ажилласан цагдаа нар Жеффри Эпштейний харшаас нууц камер болон насанд хүрээгүй бусад охидын гэрэл зургийг олжээ. Ингээд түүнийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Мөрдөн шалгах явцад Жеффри Эпштейн 2002 оноос хойш залуу охид, эмэгтэйчүүдтэй хүчээр бэлгийн харьцаанд ордог, төлбөр төлж хүчирхийлдэг нь илэрч, хохирогчийн тоо 50 давжээ. Тиймээс түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Гэхдээ 2008 оны зун гэхэд Жеффри Эпштейн биеэ үнэлэгчдийг уриалан дуудсан хоёр хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, хохирогчдод нөхөн төлбөр төлж, нууцаар тохирч шүүхээс 18 сарын хорих ял шийтгүүлжээ. Гэсэн ч ердөө 13 сарын дараа батлан даалтаар суллагдсан байна.

Харин Жеффри Эпштейнтэй холбоотой шинэ мөрдөн байцаалт 2019 оны хоёрдугаар сард эхэлсэн. Түүнийг 2019 оны долоодугаар сарын 6-нд баривчилсан байна. Энэ удаад түүнийг олон улс дамнасан гэмт хэргийн нууц сүлжээ байгуулсан, хүүхдийн наймаа, бэлгийн мөлжлөг, гэрчид хөндлөнгөөс нөлөөлсөн зэрэг хэргээр ялласан. Өдгөө “Жеффри Эпштейн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд баривчлагдсанаас хойш нэг сарын дараа шүүхийн шийдвэр гарахаас өмнө амиа хорлосон” гэдэг мэдээлэл үлдээд байна. 

Гэхдээ Жеффри Эпштейний Британийн загвар өмсөгч Гислейн Максвеллийг 2020 онд баривчилжээ. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр энэ эмэгтэй нь насанд хүрээгүй хүүхдүүдийг уруу татаж, бэлгийн харилцаанд оруулахыг албадсан, мөн 14 настай хүүхдүүдийг бэлгийн боолчлолд уруу татаж, дараа нь зарахад Жеффри Эпштейнд тусалсан хэрэгт буруутгасан байна. Тухайлбал, хохирогчдын нэг болох АНУ-ын иргэн Виржиниа Робертс-Жиуффре “Максвелл гэдэг эмэгтэй намайг 17 настай байхад Британийн хунтайж Эндрютэй танилцуулсан. Хунтайжтай бэлгийн харьцаанд орохыг шаардсан” гэж мэдэгдсэн. Харамсалтай нь тэрээр 2025 оны дөрөвдүгээр сард амиа хорлосон байдаг. Виржиниа Робертс-Жиуффрегийн дурсамж 2025 оны аравдугаар сард хэвлэгдэж, түүндээ хунтайж Эндрютэй холбоотой ноцтой зүйлсийг бичиж үлдээжээ. Энэ дуулианы дараа Эндрюгийн бүх цол хэргэмийг хурааж, хааны гэр бүлийн эзэмшлийн харшид амьдрах эрхгүй болгосон юм. Ер нь бол Жеффри Эпштейн нь Британийн хунтайж Эндрюг мөн баримтжуулж дарамталсан гэдэг. Түүнээс болж хунтайж Эндрю амь насаа алдсан байж болзошгүй тухай таамаг нь өдгөө хамгийн магадлалтай таамаг болоод байна. Британийн тусгай алба энэ төрлийн ажилдаа маш сайнаараа алдартай.

Эпштейний файлаас Монголын хоёр Ерөнхийлөгч, нэг Ерөнхий сайд “олдов”

АНУ-ын Хууль зүйн яамнаас 2026 оны нэгдүгээр сард Жеффри Эпштейнд холбогдох хэргийн шинэ баримтуудыг нууцаас гаргаж олон нийтэд ил болгосон. Тэр нь гэрчийн мэдүүлэг, хувийн захидал харилцаа зэрэг нийт 3.5 сая орчим хуудас бүхий мэдээлэл юм. Энэ нь зөвхөн АНУ, Их Британи гэлтгүй дэлхийн олон улс оронд улс төр, эдийн засгийн хөдөлгөөн үүсгэхүйц ноцтой эх сурвалж болоод байна. Учир нь, уг эх сурвалжид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ерөнхийлөгч асан Билл Клинтон, Их Британийн хунтайж Эндрю, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, “Тесла”, “Спейс Ик компанийн үүсгэн байгуулагч Элон Маск, Словакийн Гадаад хэргийн сайд асан Мирослав Лайчак, АНУ-д суугаа Их Британийн Элчин сайд асан Лорд Питер Мандельсон, Дональд Трампын ахлах зөвлөх асан Стив Баннон, Дональд Трампын хүргэн Жаред Кушнер, илбэчин Дэвид Копперфилд, жүжигчин Рейнн Уилсон зэрэг дэлхийн олон улс орны улстөрчид, алдартнууд нэр дурдагдсан. Улмаар, “Эпштейний файл” хэмээх нэртэй ч болоод авсан.

Эпштейний файлд Монголын улстөрчид ч нэр дурдагдсан. Эх сурвалжууд “Монгол” гэх түлхүүр үгээр хайхад давхардсан тоогоор 870 орчим илэрц гарч ирж байгаа юм. Илэрцүүдээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат гэсэн хүмүүсийн нэр илэрч байна. Хамгийн гол нь Эпштейний файлд Монгол Улсын ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2009-2021 оныг хүртэл хашсан Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр Жеффри Эпштейнтэй харилцаатай байсан нь маш ноцтой юм. Учир нь, Эпштейний файлаас гарч ирж байгаа мэдээллээр, тэдний харилцаа Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг ашиглах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой томоохон уул уурхайн компаниуд болох “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Оюу толгой” ХХК болон бусад ордуудтай холбоотой шийдвэр гаргалтад нөлөөлсөн байж болзошгүй байна. 

Өөрөөр хэлбэл, ингэж Монгол Улсын төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд зүй бусаар, хууль зөрчин нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байсан байх магадлалтай. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан, бусад томоохон албан тушаал хашиж явсан хүмүүсийн Жеффри Эпштейнтэй  тогтоосон албан болон албан бус хувийн харилцаа нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, гадаад харилцааны бодлого, үндэсний эрх ашигт нөлөөлөх нь дэндүү ойлгомжтой юм.

Эпштейний файлаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат төлөөлж Жеффри Эпштейнтэй холбогдож байсан нь гарч ирж байна.

Эпштейний файл дахь Ц.Элбэгдорж

Эпштейний файлд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 46 удаа, түүний “зууч” Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 219 удаа дурдагджээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны есдүгээр сарын 23-нд Эпштейнтэй анх удаа нүүр тулан уулзаж байсан зураг бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Тэрээр үүнд мөн л цахим сүлжээгээр “Нуух юм юу ч байхгүй ээ. Хувийн зүйл ярихаас аль болох зайлсхийж явдаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр янз бүрийн хүрээнд олон арга хэмжээ, зоог, хүлээн авалт болно. Тэгж л албаны хэдэн үг сольсноос өөрөөр нүүр тулаагүй” гэсэн тайлбарыг хийгээд байна. Эхний уулзалтад нь Монгол Улстай аюулгүй байдлын гэрээ байгуулахад зуучилсан Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Барак байлцжээ. Түүнээс гадна АНУ-ын Сангийн сайд асан, Харвардын их сургуулийн ерөнхийлөгч асан Лоуренс Саммерс, Австралийн ерөнхий сайд асан Кевин Радд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн нар байсан байна.

Харин Эпштейний файлыг ухвал, Ерөнхийлөгч асан 2013 оны есдүгээр сарын 23-нд Нью-Йорк хотод Эпштейнтэй анх нүүр тулан уулзсан. Түүнээс гадна 2014 оны нэгдүгээр сард түүний зохион байгуулсан оройн зоог буюу өндөр түвшний зөвлөлдөх уулзалтад оролцсон бололтой юм. Энэ уулзалт нь Монгол Улсын эдийн засгийн бодлого, “Оюу толгой” төслийн гацааг арилгах зорилготой зөвлөх баг байгуулах байгуулах зорилготой байсан тухай эх сурвалжид дурджээ. Тухайлбал “Голомт” банкнаас Жеффри Эпштейнд Монгол Улсын ашигт малтмалын ордуудын талаар бэлдэж явуулсан. Эдгээрийн талаар Жеффри Эпштейн, Ц.Элбэгдорж хоёрын уулзалтын үеэр яригддаг байжээ.

Түүнчлэн Л.Пүрэвсүрэнгээс 2014 оны хоёрдугаар сарын 19-нд Жеффри Эпштейн рүү “2024 оны гуравдугаар сарын 29-д өдөр Арабын нэгдсэн улсын нийслэл Дубай хотод болох дэлхийн аварга шалгаруулах морин тойруулгын уралдаанд Монгол Улсын нэрийн өмнөөс нэгэн морь уралдах болсон” гэж бичжээ. Тиймээс, уг имэйлийг Норвегийн дипломатч Терже рүү руу явуулж урилга олж өгөхийг хүсжээ. Энэ дагуу Жеффри Эпштейн тус уралдаанд очиж, тэр үеэрээ Ц.Элбэгдорж, Л.Пүрэвсүрэн нартай Дубайд уулзаж морин тойруулгын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн очиж үзэх тухай хөтөлбөрүүдийн хамт Эмиратын тэрбумтан логистикийн магнат Султан Сулейман руу мөн боломжтой эсэхийг асуусан имэйл явуулжээ. Эпштейн бол Арабын орнуудын олон тэрбумтан танил, найз нөхөдтэй. Дубайн тэрбумтнуудтай маш дотно харилцаатай. Тээвэр зуучийн магнат Султан Сулеймантай дотнын найзууд байсан. Султан Сулейман нь Дубайн гэрээг байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан нэгэн. Тэдний уулзалтын талаарх олон баримт байдаг. Дашрамд, АНУ-ын Сангийн сайд асан Лоуренс Саммерс, Норвегийн дипломатч Терже нар Л.Пүрэвсүрэнгээс 400 мянган ам.долларыг нэхсэн. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн асуудлаар хүчтэй лобби хийж ажиллах төлбөр гэх агуулгатай. Учир нь “Бусад ажлуудаад орхиж зөвхөн Монгол Улсын асуудлаар ажиллана” гэсэн Тержегийн Л.Пүрэвсүрэнд бичсэн Skype чатаас харагдаж байна. Нөгөөтэйгүүр, энэ нь Оюу толгойн зэс хайлуулах үйлдвэр байгуулах гэрээнд заасан хугацаатай давхцаж байна. Дубайн морины уралдаан 2014 оны гуравдугаар сарын 29-нд болсон. Харин 2014 оны тавдугаар сарын 8-нд Оюу толгойн далд бүтээн байгуулалтыг дэмжих УИХ-ын 34 дүгээр тогтоолыг баталсан.

Үүнээс гадна Жеффри Эпштейн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Нью-Йорк дахь гэртээ хүлээж авч уулзсан тухай ч дурдсан байна. Энэ 2015 оны есдүгээр сарын 28-29-нд Жеффри Эпштейний гэрт болсон оройн зоог бөгөөд “парти”-гаар үргэлжилсэн. Уг үйл ажиллагаанд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнг дагуулж очсон. Тэнд холливуудын жүжигчид, улс төр нийгмийн нөлөө бүхий хүмүүс байжээ. Маргааш нь Жеффри Эпштэйнд холливудын жүжигчин, илбэчин Дэвид Блайн “Үнэхээр мартагдашгүй гайхамшигтай үдэш гайхамшигтай охидууд байлаа” гэж имэйл бичжээ. Мөн Ротшилдын гэр бүлийн нөлөө бүхий зүтгэлтэн, банкны салбарынх нь лидер Араина де Ротшилд байсан “Бид чадлаа. Өнгөрсөн шөнөөс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч надаас дэд бүтцийн асуудлаар, санхүүжилт хийх талаар та надад яаж туслах вэ гэж асуулаа” гэж бичжээ.

Жеффри Эпштэйнээс Ц.Элбэгдорж, Л.Пүрэвсүрэн нарт 140, сая ам.долларын үнэ бүхий уран зурагнууд, 80 сая ам.долларын үнэ бүхий алмаз чулуунууд, 250 сая ам.долларын үнэ бүхий орд харшуудыг санал болгож байжээ. Энэ имэйлийг Жеффри Эпштейнээс Л.Пүрэвсүрэнд 2013 оны арваннэгдүгээр сарын 30-нд явуулжээ. Яг энэ үе буюу 2013 онд Оюу толгойн эхний экспортын жил байсан. 76.7 сая тонн зэс, 4.9 тонн алт, нийт 59.4 сая ам.долларын борлуулалт хийсэн байдаг. “Рио Тинто” компанитай хэрхэн харилцах талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид зааварчилгаа өгч байсан мэт баримтууд ил болсон нь шуугиан тариад байна.

Түүнчлэн Л.Пүрэвсүрэнгээс Жеффри Эпштейнд “Чамд гэнэтийн бэлэгтэй очно. Монгол охин визээ хүлээж байна”, “Нью Иоркт тун удахгүй Монгол охинтой очно” гэсэн имэйлүүдийг илгээж байжээ.

Эпштейний файл дахь Х.Баттулга

Ерөнхийлөгч асан Х.Баттулга 81 удаа, түүний зууч “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат 194 удаа нэр дурдагдсан байна. Тэрээр 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Энэ сонгуульд Жеффри Эпштейний оролцоотой болж байсан баримт Эпштейний файлаас гарч ирлээ. Тус сонгуулийн талаарх мэдээллийг Жеффри Эпштейн байнга авч байжээ. Сонгуультай холбоотой мэдээллээр харилцсан 81 имэйл Эпштейний файлд байна. 2017 оны зургаадугаар сарын 34-ний өдрүүдэд Ч.Ганбат нь Жеффри Эпштейнээс сонгуулийн үйл явдлуудаар мэдээлэл өгч, зааварчилгаа авч байгаа имэйлүүд нь гарч иржээ. Тэр бүрт Х.Баттулгыг төлөөлж харьцдаг Ч.Ганбат “Ноён Эпштейн таны дэмжлэгт машид талархаж байна” хэмээн хариулсан байна. Мөн Ч.Ганбат нь Жеффри Эпштэйнтэй хамтарч “Монгол биткойн” гэдэг койн гаргахаар судалгаа, хөрөнгө оруулалт, лоббиний ажил хийж байсан тухай олон тооны баримт Эпштейний файлд байна.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Трамп Жуниор 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар Монгол Улсад зочилж Баян-Өлгий аймагт ан хийж зугаалсан. Түүний тэр талаар бичсэн нэгэн чат Эпштэйний файлууд дундаас гарч иржээ.

Тэрээр Цагаан ордны стратегич Стив Бэннонд “Монгол Улс гурван сая хүнтэй, 11 сая морьтой. Нэг триллион ам.долларын байгалийн баялагтай. Баялгаа зөөх гэхээр Оросын төмөр замтай. Түүний цариг нь зөрөөд зөөх боломжгүй. Нийслэл нь маш их утаатай. Ерөнхийлөгч нь гэрт амьдардаг. Манай улс хөөрхөн охидтой гэж ярьсан. Тэр Ерөнхийлөгч нь нүдний шил зүүх хэрэгтэй юм байна гэж би сануулсан. Гэхдээ хөөрхөн охид нь сахалтай эрчүүдэд дуртай. Ерөнхийлөгч нь Криптод дуртай” гэх зүйлсийг бичиж байжээ.

Эпштейний файл дахь Ч.Сайханбилэг

Эпштейний файлд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дөрвөн удаа дурдагджээ. Эдгээрийн дунд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Рио Тинто” болон “Оюу толгой” компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан олон улсын зөвлөх компани “Маккензи” компаниас ирүүлсэн албан бичиг Эпштейний файлаас гарч ирж байна. Түүнд Монгол болон Хятадын хууль хяналтын байгууллагууд Монголд хийсэн ажлуудыг нь шалгасан тухай бичигт дурджээ.

Ер нь Жеффри Эпштейн Роберт Фридландтай 2010 оны байдлаар маш дотно харилцаатай байсан. Үүнийг Жеффри Эпштейн Британийн парламентын гишүүн Питер Мандельсон нарын харилцааны имэйлүүдээс харж болно. Роберт Фридланд Эмиратад байнга очдог. Жеффри Эпштейн бол “Рио Тинто”-гийн томоохон лоббичдын нэг. Харин түүний гар хөл нь болж Дубайн гэрээ, “Рио Тинто” компани, Монгол Улсын дунд зууч хийж явсан хүн бол АНУ-ын эдийн засагч, Сангийн сайд асан Лоуренс Саммерсюм. Тэрээр Ч.Сайханбилэгийн урилгаар Монголд ирсэн, уулзсан. Мөн Монголын Улсын Засгийн газраас урамшуулал авч байсан. Ийм мэдээллүүд байдаг.

Эпштейний файл дахь мэдээллүүдээс монголчууд юунд нь эмзэглэх ёстой вэ?

АНУ-д насанд хүрээгүй хүнийг бэлгийн мөлжлөгт татан оролцуулсан хэрэгт ял шийтгүүлж, улмаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хэрэгт дахин шалгагдаж байх явцдаа нас барсан гэх Жеффри Эпштейн нь Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн даргаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нартай ойр дотно харилцаатай байсан. Үүний ард Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг ашиглах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой томоохон уул уурхайн компаниуд болох “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Оюу толгой” ХХК болон бусад ордуудтай холбоотой шийдвэр гаргалтад нөлөөлсөн байж болзошгүй тухай мэдээлэл дотоод, гадаадад цацагдсаар байна. Тиймээс:

-Жеффри Эпштейн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Ц.Энхтүвшин нартай албан болон албан бус холбоо тогтоож, зөвлөгөө өгч байсан эсэх; Жеффри Эпштейн Монгол Улстай холбоотой хийж байсан ажил, үйл ажиллагааны талаар Гадаад харилцааны яам зэрэг холбогдох төрийн байгууллага мэдээлэл авч байсан эсэх;

-Жеффри Эпштейн насанд хүрээгүй хүүхдийг хүний наймаа, бэлгийн мөлжлөгт зуучилж байсан хууль бус үйл ажиллагаанд Монгол Улсын иргэн хохирогч болж байсан эсэх, ил тод, нээлттэй болгосон “Эпштэйний хавтаст хэрэг” цахим архивтнэр дурдагдсан Монгол улсын иргэдийн дунд насанд хүрээгүй хүүхэд байсан эсэх;

-Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлж, хүний наймаа, бэлгийн мөлжлөгт зуучилж байсан хууль бус үйл ажиллагаатай холбогдуулж шалгагдаж байсан Жеффри Эпштейнтэй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга хувийн харилцаа тогтоосон нь Монгол Улсын эрх ашгийг зөрчсөн эсэх;

- Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн жилийн чуулга уулзалтад оролцох үедээ 2013, 2014 онд Нью-Йорк хот дахь Жеффри Эпштейний гэрт хийсэн уулзалт уулзалтын дараа ямар арга хэмжээг хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулсныг тогтоох;

-Дээр уулзалт нь тухайн үеийн албан ёсны айлчлалын хөтөлбөрт багтсан эсэх, холбогдох протоколын дагуу болсон эсэх, уулзалтын талаар Гадаад харилцааны яаманд мэдэгдсэн эсэх;

- Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Давос хотноо Дэлхийн эдийн засгийн форумд оролцохдоо Жеффри Эпштейнтэй уулзаж байсан эсэх, Жеффри Эпштейний холбож танилцуулсан хувь хүмүүстэй уулзалт хийж байсан эсэх;

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид зөвлөгөө өгөх зорилгоор байгуулагдсан Олон улсын зөвлөхүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, зардал, хийсэн ажлын үр дүн, бусад асуудлын талаар Гадаад харилцааны яам болон холбогдох бусад төрийн байгууллага мэдээлэлтэй байсан эсэх, холбогдох журмын дагуу гэрээ байгуулсан эсэх;

-Зөвлөх тус бүрд олгосон гэх 100 мянган ам.долларын үйлчилгээний хөлсийг улсын төсвөөс санхүүжүүлсэн эсэх;

-Жеффри Эпштейн болон Олон улсын зөвлөхүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон зөвлөхүүд Монгол Улсад ирж байсан эсэх;

-Жеффри Эпштейн болон Олон улсын зөвлөхүүдийн зөвлөл Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх томоохон төслүүд болох “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Оюу толгой” төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, далд уурхайн санхүүжилтийн асуудал зэрэгт зөвлөгөө өгч, Засгийн газрын болон төрийн холбогдох байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлж байсан эсэх;  

-Монгол Улсын стратегийн орд газар болон үүсмэл ордуудыг ашиглах тухай нэр бүхий байгууллагуудаас бэлдсэн танилцуулгад дурдагдсан төслүүд хэрэгжсэн эсэх, эдгээр төслүүдийн санхүүгийн харилцан хамаарлын тухай, хууль хяналтын байгууллагаар шалгагдан тогтоогдож байсан цаглабар зэрэг санхүүгийн дансны гүйлгээнүүд хамааралтай эсэх;

-Монгол Улсын гадаад хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Л.Пүрэвсүрэн нь Жеффри Эпштейнтэй цахим шуудангаар харилцаж, тогтмол уулздаг байсан. Гадаад харилцааны яам Жеффри Эпштейнд зөвлөх үйлчилгээний төлбөр төлж байсан эсэх;

-Гадаад харилцааны яам Жеффри Эпштейн болон Олон улсын зөвлөхүүдийн зөвлөлд багтсан хувь хүмүүсээр дамжуулан гадаад улсын төрийн байгууллага болон хувь хүмүүстэй уулзалт зохион байгуулж байсан эсэх;

-Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн албан хэрэгцээнд хувийн цахим шуудан хаяг ашиглаж байсан эсэх, албаны болон хувийн цахим шуудан ашиглахтай холбогдуулж Гадаад харилцааны яам тодорхой бодлого хэрэгжүүлж, хяналт тавьдаг байсан эсэх; 

-Жеффри Эпштейнтэй хувийн харилцаа сайтай бөгөөд санхүүжилт авдаг байсан гэх Их Британийн хунтайж асан Эндрю, Их Британийн парламентын гишүүн асан Мандельсон нар нь Монгол Улсын эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон стратегийн ордууд, бизнесийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар тодорхой үйл ажиллагаа явуулж байсан эсэх; 

-Хунтайж Эндрю, Мандельсон нар Монгол Улсад ирж байсан эсэх, ирж байсан бол хэзээ, хэдэн удаа ирж байсан талаарх мэдээлэл;

-Монгол Улсын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд олон улсын санхүүгийн зөвлөх үйлчилгээний компани болох “Лазард”-тай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, зөвлөгөө авч байсан эсэх;

-Жеффри Эпштэйнтэй хувийн харилцаа сайтай байсан гэх Арианэ де Ротшилд (Монгол Улсын эдийн засгийн ач холбогдолтой томоохон стратегийн ордууд, бизнесийн ашиг сонирхолтой холбогдуулж тодорхой үйл ажиллагаа явуулж байсан эсэх; 

-Ариана де Ротшильд Монгол Улсын төрийн байгууллагууд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК зэрэг компаниудтай уулзалт зохион байгуулж байсан эсэх;

-Монгол Улсын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК зэрэг компаниуд Арианэ Дэ Ротшильдын хамаарал бүхий банк, хуулийн этгээдүүдтэй хамтран ажиллаж байсан, зөвлөх үйлчилгээ авч байсан болон төлбөр төлсөн эсэх гэх мэт асуултад хариулт чухал болоод байгаа юм. Хэрвээ энэ бүх асуулт “Тийм” гэсэн хариулттай бол Монгол Улсад, монголчуудад тун эмзэглэмээр эмгэнэлтэй асуудал нэгэнт болоод өнгөрчээ гэсэн үг. 

Манай хоёр “экс” Эпштейнд юугаараа барьцаалагдсан бэ?

Ер нь бол, Эпштейн бол олон улсын лоббичин юм. Хөгжиж буй болон ядуу буурай орнуудын Ерөнхийлөгч болон удирдах албан тушаалтнуудыг лобби хийж уулзалт зохион байгуулдаг. Тэр үеэрээ 100-400 мянган ам.долларыг өөрийн танил, нөлөө бүхий хүмүүстээ тараадаг. Зэрэгцээд, бүх уулзалт үйл ажиллагаагаа баримтжуулдаг. Түүгээрээ барьцаалж дарамталдаг байсныг энэ файлд нэр дурдагдагсад хэлээд эхэлсэн байна. 

Тиймээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр дээрх байдалд орж барьцаалагдаж, дарамтлуулаад “өндөр түвшний хүрээлэл”-д нь яваад орчихсон уу гэдэг асуулт гарч ирж байна.

Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын Жеффри Эпштейнтэй хийсэн уулзалтууд, тэдний өмнөөс Л.Пүрэвсүрэн, Ч.Ганбат нарын Жеффри Эпштейнтэй харилцсан имэйлүүдээс харвал Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар нь өөрсдөө Жеффри Эпштейний үйлдсэн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон гэх нотолгоо одоогоор олдоогүй байгаа юм. Харин Жеффри Эпштейний лобби-д оролцох, эдийн засгийн зөвлөгөө авах зорилгоор уулзсан, харилцсан нь тодорхой боллоо.  Монголын төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд Эпштейний файл дахь мэдээлэлд байгаа нь гарцаагүй үнэн бөгөөд энэ нь Монголын улс төрийн уул уурхайн салбар, гадаад харилцаа АНУ-ын нөлөө бүхий “хүрээлэл”-тэй ямар нэгэн байдлаар холбогдож байсныг харуулж байна.

Ер нь бол, Жеффри Эпштейнтэй холбоотой байж, тэр нь Эпштейний файлаар илэрсэн гадаадын нэр нөлөө бүхий эрхмүүд ээлж дараалан хариуцлага хүлээж, үгүй гэхэд уучлалт хүсэж, харамсал илэрхийлж байна. Тухайлбал, АНУ-ын Хууль зүйн яамнаас уг файлыг нийтэд дэлгэсний дараа, тэндээс “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн нэр хэд хэдэн давтамжтай гарч ирсэн. Үүний дараа тэрээр “Жеффри Эпштейнтэй танилцсандаа харамсаж байна” гэж мэдэгдсэн. Харин манай хоёр Ерөнхийлөгч асан маань уулчлалт ч болтугай гуйх уу, гүрийснээрээ гүрийгээд өнгөрөх үү.

“Эпштейний файлыг анхаарч эхэлсэн” гэж ХЗДХ-ийн сайд мэдэгдэж, ЦЕГ-аас мэдээлэв

Эпштейний файлтай холбоотой асуудлаар Монгол Улс албан ёсоор анхаарч эхэлснийг ХЗДХ-ийн сайдын мэдэгдэл, ЦЕГ-ын мэдээллээс харж болно. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Хэрэгтэй холбоотой асуудлуудыг илүү өндөр түвшний зохион байгуулалтад оруулж ажиллах шаардлагатай байна. Ялангуяа хүний наймаа, хар тамхи, цахим гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд дээр тусгай ажлын хэсгүүд байгуулж, нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллах нь зүйтэй. Манай улсад нэг буруу ойлголт байсаар ирсэн. Тухайлбал, хар тамхины асуудлыг хөндөж яривал хэрэглээг нь нэмэгдүүлнэ гэж үздэг байснаас нөгөө талдаа урьдчилан сэргийлэх ажлууд орхигдож ирсэн. Үүний улмаас хар тамхины хэрэглээ хяналтаас гарч, хар тахал гэх хэмжээнд хүрсэн гэж дүгнэж болохоор байна. Ялангуяа өсвөр насныхны дунд энэ асуудал ноцтой түвшинд хүрчээ. Иймд нэгдүгээрт, энэ чиглэлээр ажиллаж буй нэгж, бүлэг бүрэлдэхүүнийг өргөтгөж, тодорхой стратеги, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, хүний наймаа нь зүгээр нэг яриад өнгөрөх асуудал биш бөгөөд олон хэлбэрээр, далд байдлаар үйлдэгдэж байгаа тул тусгай ажлын хэсэг байгуулж, нарийвчлан шалгах шаардлагатай байна” гэж мэдэгдлээ.

Мөн ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун “АНУ-д сүүлийн үед цахим орчинд гарч буй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж судалж байгаа. Хийгдэж ажлууд бий.Тухайн асуудлууд бодитой үнэн эсэх нотолгоо бүрдүүлэх дээр АНУ-тай эрх зүйн харилцан туслалцаа байгуулахад тодорхой хэмжээний саад тотгор байна. Гэхдээ бид ингээд зогсчихгүй, албан бус харилцаагаар мэдээлэл солилцох хийгдэж ажлууд бий” гэж мэдээлэв.

Эпштейнтэй холбоотой “хэд” дээр ядахдаа ёс зүй яригдах ёстой

Хэдийгээр УИХ-ын олон гишүүн, ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-аас байр суурь илэрхийлж, анхаарч байгаагаа мэдэгдэж буй ч энэ асуудал хууль шүүхийн түвшинд хүрэхгүй л болов уу. Учир нь энэ бол АНУ-ын Хууль зүйн яамнаас гаргаж тавьсан материал, мөн манай улсын хуулиар гэмт хэргийн нотлох баримт гэж үзэх үндэслэл багатай. Энэ байтугай баримт сэлттэй нь “цайрдаг” болчихсон. Гэхдээ, энэ дээр ямар ч байсан ёс зүйн хариуцлага гэдэг зүйлийг бид аль ч түвшиндээ ярих ёстой. “Монгол охин дагуулж очиж сюрприз барина, хүлээж байгаарай” гэж Ерөнхийлөгч байсан хүн нь хэлж өгөөд, Гадаад хэргийн сайд байсан хүн бичээд сууж байжээ. Цаашлаад, энд бичихэд улаймаар нэр устай, агуулга зорилготой үдэшлэг “парти”-д ороод зад наргиж явдаг Ерөнхийлөгчтэй байсан байна. Хамгийн муу нь, Монголыг монголчууд өөрсдөө биш, мөнгөнд дурласан “хүүхэлдэй” удирдаж байсныг Эпштейний файл дахь мэдээллүүд нотоллоо. Товчхондоо, Эпштейний файл дахь мэдээллүүд бол Монголын байдал ийм эмгэнэлд хүрсний тайлал юм байна.

 

 

 

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 88 (7830)