Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ахмад настны тэтгэврийг нэмэхээр болж, УИХ-аас холбогдох төсвийг баталж өгсөн. Нийт 474.7 тэрбум төгрөгийг тэтгэврийн нэмэгдэлд суулгаж өгөөд буй.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир энэ сарын 2-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ "Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх таван хувилбарыг Ерөнхий сайд Г.Занданшатарт танилцуулсан. Ахмад настны тэтгэврийг тэгш 80 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрт хүрсэн" гэж мэдээлж байв. Гэвч дээрх хувилбарт өөрчлөлт оруулсан тухай яригдаж байна. Тодруулбал, ахмад настны хамгийн бага тэтгэврийг 45,792 мянган төгрөгөөр нэмэх хувилбар дээр тогтсон гэх мэдээлэл ч түгэв.

  • Сарын 572,400 төгрөгийн тэтгэвэр авдаг бол 45,792 төгрөгөөр нэмэгдэж 618,192 төгрөг,
  • Сарын 689,000 төгрөгийн тэтгэвэр авдаг бол 55,120 төгрөгөөр нэмэгдэж, 744,120 төгрөг,
  • Сарын гурван сая төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг бол 240,000 төгрөгөөр нэмэгдэж, 3,240,000 төгрөг авна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэтгэврийн нэмэгдлийг эцэслэнэ. Дээрх хувилбарыг сонгосон нөхцөлд ахмад настны тэтгэвэр нийтдээ 8.6 хувиар нэмэгдэх аж.

Уг нь сайд Т.Аубакир ахмад настны тэтгэврийг жигд 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн бол бага тэтгэвэр авдаг иргэдэд тустай байх байв.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Бага тэтгэвэр авдаг ахмадын тэтгэврийг түлхүү нэмэх бодлого барьж байна” хэмээн  мэдэгдсэн. Гэвч авч байсан цалин, төлж байсан нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ зэргийг нь харгалзан үзэж тэтгэврийг нэмэх ёстой гэдэг байр суурь Засгийн газрын түвшинд илүү давамгайлсан бололтой. Эцсийн хувилбарыг өнөөдөр гаргана.

Ахмадууд өнгөрсөн аравдугаар сард тэтгэврийн хэмжээг 1,5 сая болгохыг шаардаж жагсаал зохион байгуулсан. Ингэхдээ хамгийн багадаа 500-600 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна, энэ нь амьдралд хүрэлцэхгүй байгааг хэлж суулт зарласан. Гэвч Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тухайн үед "Шулуухан хэлэхэд тэтгэврийг 1.5 сая болгох боломжгүй. Тэтгэвэр авагчдын  93,4 хувийг  1.5 сая төгрөгт хүргэнэ гэвэл үүнд 4.1 их наяд төгрөг шаардлагатай. Үүнийг хаанаас олж ирэх вэ, эх үүсвэр нь юу байх вэ гээд олон асуудал байгаа" гэж мэдэгдсэн билээ.