НЬЮ-ЙОРК, 2026 оны нэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын эрх баригчдын явуулсан цэргийн ажиллагааны явцад баривчлагдсан Венесуэлийн удирдагч асан Николас Мадуро, түүний эхнэр Силия Флорес нар Нью-Йорк хотын шүүхэд нэгдүгээр сарын 5-ны даваа гарагт болсон хурлын үеэр өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгджээ.

“Би гэм буруугүй. Би шударга хүн, өөрийгөө одоо ч улс орныхоо ерөнхийлөгч гэж үзэж байна” гэж Мадуро хэлжээ. Тэрбээр мөн өөрийгөө “цэргийн олзлогдогч” гэж нэрлэсэн байна.

Венесуэлийн удирдагч асан болон түүний эхнэр шүүх хуралдаанд шоронгийн хувцастай, орчуулгын чихэвч зүүж оролцсон бөгөөд гартаа гавгүй ч хөлдөө дөнгө зүүсэн байжээ. Флорес шүүх хурлын үеэр өөрийгөө Венесуэлийн тэргүүн хатагтай хэмээн танилцуулж, мөн адил гэм буруугүй гэдгээ мэдэгдсэн байна.

Дараагийн шүүх хурал гуравдугаар сарын 17-нд товлогдсон бөгөөд тэр хүртэл Николас Мадуро болон түүний эхнэр Нью-Йорк хотод цагдан хоригдсон хэвээр байх юм.

Мадурогийн төлөөлөгчид түүнийг бүрэн эрхт улсын төрийн тэргүүний дархан эрхтэй хэмээн үзэж, баривчилгаа хууль ёсны байсан эсэх талаар заргалдахаар төлөвлөж байна. Харин АНУ-ын эрх баригчид түүнийг Венесуэлийн Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй байна.

Bloomberg: Мадурогийн хэргийг хэлэлцэх гол шүүх хурал 2027 оноос нааш эхлэхгүй

Bloomberg агентлагийн мэдээлснээр, Венесуэлийн удирдагч асны хэргийг хэлэлцэх шүүх ажиллагаа 2027 оноос нааш эхлэхгүй бололтой. Үүнээс өмнө шүүгч нотлох баримт солилцох, хүсэлт, өргөдлүүдийг хэлэлцэх урьдчилсан хуваарийг гаргах ёстой. Анхны шүүх хуралд Мадурогийн өмгөөлөгчөөр WikiLeaks төслийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн өмгөөлж байсан Барри Поллак оролцжээ. Харин түүний эхнэр Флоресыг Техас муж улсаас ирсэн өмгөөлөгч Марк Доннелли төлөөлсөн байна. Шүүх хурлын үеэр тэдний өмгөөлөгч нар үйлчлүүлэгчид нь одоогоор барьцаагаар суллуулах хүсэлт гаргах бодолгүй байгааг мэдэгдсэн боловч цаашид ийм хүсэлт гаргах боломжийг үгүйсгээгүй байна.

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг