Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг.

Энэ хүрээнд өнгөрсөн оны зургаадугаар сараас нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, 15 ААН-ээс ес нь шалгарч, нөөцийн мах бэлтгэж эхэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн хэмжээнд 410 цэгээр үхрийн махыг нэг килограммыг нь 15,000, хонины махыг 13,000 төгрөгөөр борлуулна гэж мэдээллээ.

Энэ жил нийт 5,000 тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд 40% үхрийн мах, 60% хонины мах байна.

Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сар шинийн баярыг угтан хоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд нийслэлийн 18 байршилд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, нэгдүгээр сард төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хоёр удаагийн шалгалтыг хийжээ.