Д.Ганбат: Төрөөр дамжин баяждаг, мөн хариуцлагаас мултардаг хүмүүсийн тоо олширлоо
2 цагийн өмнө

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газраас төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудлыг УИХ-д оруулж ирсэн. Гишүүд ч тал талын байр суурь илэрхийлж байна. Ер нь өнөөдөр ТӨК-иудыг хувьчлах цаг нь мөн үү, бодит боломж бий юу. Таны хувийн байр суурь ямар байна вэ?
-Энэ бол үнэндээ нэлээн эрт хийх ёстой байсан ажил. Гэхдээ заавал онцолж хэлэх ёстой нэг зүйл бий. Ямар ч тохиолдолд зохих бэлтгэлийг нь бүрэн хангаж байж хийх ёстой. Өнөөдөр Монгол Улсад төрийн өмч хэт данхайчихсан байна. Төр өөрийнхөө хийх ёстой үндсэн үүрэг, хариуцлагаасаа давж, зах зээлийн орон зайд хэтэрхий их оролцож байна. Миний баримталдаг үзэл баримтлалын үүднээс төр бол аль болох цомхон, зардал багатай, зөвхөн хийх ёстой ажлаа хийдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр төр өөрөө компани байгуулж, хувийн хэвшилтэй өрсөлдөж, зарим тохиолдолд зах зээлийг эзэлж байна. Үүний үр дүнд төрөөр дамжин баяждаг, төрийг дамжин хариуцлагаас мултардаг хүмүүсийн тоо олширлоо.
-Төр зах зээлд ингэж хэт оролцсоноор ямар сөрөг үр дагавар гарч байна гэж та харж байна вэ?
-Хамгийн том сөрөг үр дагавар нь хариуцлагагүй тогтолцоо бий болж байна. Төр оролцох тусам төрийн нэр барьж хулгай, луйвар хийх боломж нэмэгддэг. Төрийн өмч гэдэг ойлголтын цаана арвич хямгач байдал алдагдаж, ашиггүй, үр ашиг муутай менежмент давамгайлдаг. Харин баялгийг бодитоор бүтээдэг, нөөц боломжийг эмх цэгцтэй ашиглаж чаддаг тогтолцоо бол зах зээлийн системд ажилладаг, хувийн өмчийг дээдэлсэн компаниуд юм. Ийм компаниуд Монголд илүү хэрэгтэй.
-Хувьчлалыг хэрхэн хийх ёстой гэж үзэж байна вэ?
-Боломж бололцоо нь угаасаа бий. Монголд хувьцаат компаниуд байна. ХК-иуд байна. Эдгээрийг жинхэнэ утгаар нь хувьцаат болгож, бирж дээр гаргаж, иргэдийг өмчтэй болгох ёстой. Гэтэл өнөөдөр хийж байгаа зүйл маань хоёрын хооронд, хагас дутуу байна. Нэг компанийн таван хувийг, нөгөөгийн 10 хувийг хувьчилна. Гэтэл 34 хувь буюу хяналтын багц, эсвэл 51 хувийг нь огт хөдөлгөдөггүй. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орж ирэхгүй, иргэд бодитоор өмчтэй болж чадахгүй, зах зээлийн жинхэнэ өөрчлөлт гарахгүй байна.
-Иргэдийн амьжиргаа, ядуурлын асуудалтай энэ бүхнийг холбож тайлбарлавал та юу хэлэх вэ?
-Өнөөдөр Монголд иргэдийн 30 орчим хувь нь ядуу байна. 34 жилийн хугацаанд өмч хувьчлал явсан хэрнээ бодит үр дүн нь ийм байна. Яг ашигтай ажиллаж, цаашид хөгжих боломжтой аж ахуйн нэгжүүдийг төр өөрөө эзэмшээд, төрийн менежментээр явуулж ашиггүй болгодог. Харин тийм боломжтой компаниудаа иргэддээ, хувийн хэвшилд өгөөд, зах зээлийн зарчмаар ажиллуулбал үр ашиг нь нэмэгдэнэ. Ийм боломж бодитоор бий.
-Банкуудын хувьчлалын жишээг та өмнө нь дурдсан. Энэ талаар...?
-Банкуудын тав, 10 хувийг хувьчилсан жишээг бид харлаа. Нэр зүүсэн л хувьчлал болсон. Гэтэл энэ нь бодит утгаараа ямар ч ач холбогдолгүй. Ийм “нэр төдий” хувьчлал байж болохгүй. Хувьчилна гэж байгаа бол жинхэнэ утгаар нь, зах зээлд нөлөөлөхүйц, хяналтын тогтолцоог өөрчлөхүйц хийх ёстой.
-МИАТ компанийг хувьчлах тухайд таны байр суурь ямар вэ?
-МИАТ бол онцгой анхаарах ёстой байгууллага. Монгол Улс далайд гарцгүй орны хувьд агаарын тээвэр стратегийн чухал салбар. Тиймээс энд тодорхой хэмжээнд алтан хувьцаа, төрийн бодлогын оролцоо байж болно. Гэхдээ энэ нь данхайсан төрийн өмч хэвээр үлдээнэ гэсэн үг биш. Зөв тэнцвэрийг нь олж хийх хэрэгтэй.
-Танай намын зүгээс Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж байсан. Он гарсаар дэд сайдын асуудал ч шийдэгдсэнгүй. Намрын чуулган ч хаалаа, АН ч намжсан мэт харагдаж байна. Энэ асуудал үнэхээр намжив уу?
-Би бол тэгж бодохгүй байна. Намын дарга О.Цогтгэрэл гишүүн өөрийнхөө бланк дээр гарын үсэг цуглуулсан. Тодорхой тооны шаардлагыг хангачихсан байгаа. Дэд сайдын асуудал бол ганц дэд сайдын тухай яриа биш. Ер нь төр өөрөө хэт томорчихлоо. Үр ашиггүй байна. Өөрөөр ажиллах цаг болсон. Төр хэт их зүйл “мэддэг, оролцдог” болсон нь аль хэдийнэ хэтэрсэн. Төрийн оролцоо ихсэх тусам авлига, хулгай нэмэгдэнэ. Төр хэдий чинээ их өмч мэдэж, хэдий чинээ их оролцоно, төдий чинээ төрийн нэр барьсан луйвар, хулгай гардаг. Арвич хямгач байдал алдагддаг. Үүнийг л таслан зогсоох ёстой. Тийм учраас Засгийн газрыг огцруулах тухай бичгийг өргөн барих уу, дахин гарын үсэг цуглуулах уу гэдэг асуудал бол бэлэн болсон гэж би дуулсан. Ойрын хугацаанд шийдэгдэх байх.
-Хаврын чуулганаар хэлэлцэх томоохон асуудлуудын нэг нь Харбины гэрээг шалгах түр хороо. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?
-Уг нь намрын чуулганаар хоёр түр хороог байгуулах ёстой байсан. Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн. Хамгийн их хэл ам дагуулдаг асуудал бол нүүрс. Сүүлийн жилүүдэд нүүрсний хулгай ихэссэн, орлого багассан. Харбины гэрээ хийгдсэнээс хойш нүүрсний үнэ буурч байна. Монголын ард түмэн мэдэх эрхтэй. Энэ эрхийг хүндэтгэнэ гэж найдаж байна.
-Дэд сайд, сайдын тооны асуудалд та их шүүмжлэлтэй ханддаг. Яагаад?
-Засгийн газрын тухай хуульд дэд сайд байна гэсэн заалт байдаг. Гэхдээ 16 дэд сайдтай байна гэсэн үг биш. Үндсэн чиг үүрэгтэй дөрвөн яаманд дэд сайдтай байж болно. Гэтэл өнөөдөр татвар төлөгчид, баялаг бүтээгчид хүнд байхад татвар төлөгчдийн мөнгөөр олон орон тоо гаргаж, цалинжуулж байна. Бараг сайд үйлдвэрлэж байгаа юм шиг 40 сайдтай боллоо. “Зуун ямаанд жаран ухна” гэгчээр сайдын тоог цөөлөх л хэрэгтэй. Аргентин улс 40–50 сая хүнтэй мөртлөө арван сайдтай ажиллаж байна. Харин манайх 40 сайдтай. Энэ бол хэтэрхий асуудал. Хүнд цаг үед сайдын тоо олширсноор ажил сайжрахгүй. Үүнийг засаж, залруулах ёстой. Нөгөөтэйгүүр байгаа зүйлийг засаж, зохицуулах ёстой. Түр хороо, хамтарсан ажлын хэсэг нэртэйгээр асуудлыг сунжруулах бус, бодит шийдэл гаргах цаг болсон. Төр цомхон болж, зах зээлд зай тавьж өгч байж иргэд өмчтэй, хариуцлагатай эдийн засагт шилжинэ.
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН







Зочин · 1 цагийн өмнө
ANUSDAAD BOOB VNZN GOEOOR XXN BOOBN DOLOOJ TOMSGN XELEERE LAW DYRTAI DOLOOMR80955877