Сошиал орчинд энэ долоо хоногоос эхлэн шатахуунд дугаарлаж, тог нь тасраад байна гэх мэдээлэл түгэх болов. 

Тодруулбал, Нийслэлд шатахуун түгээх станцуудад өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн бага хэмжээний дараалал үүссэн. Цахим орчинд иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг, үнэ хямд энгийн АИ-92 бензиний үнэ 3080 төгрөг болж нэмэгдлээ. ШТС-ууд өчигдөр оройноос эхлэн үнийн самбартаа өөрчлөлт оруулж байна гэсэн мэдээлэл цацаж, олон нийтийг бухимдуулав. Харин өнөө өглөөний 08.00 цагийн байдлаар ШТС-д АИ-92-ын үнэ хуучин хэвээр буюу 2590 төгрөгөөр борлуулагдаж байна.

Тэгвэл АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзаж, газрын тосны бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх асуудалд гарсан бэрхшээлийг хэрхэн шийдэх талаар санал тавьж харилцан тохиролцлоо хэмээн мэдэгдлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлснээр энэ сарын 20-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр буюу өртөөд болон замд яваа шатахуунтай 704 вагонцистерн байгаа аж. Үүнээс,

  • АИ-92 автобензин – 191 вагонцистерн буюу 11460 тонн,
  • АИ-95 автобензин – 9 вагонцистерн буюу 60 тонн
  • Дизель түлш – 479 вагонцистерн буюу 28740 тонн
  • ТС-1 онгоцны түлш – 13 вагонцистерн буюу 780 тонн
  • Шингэрүүлсэн шатдаг хий – 12 вагонцистерн тус тус байна.

Мөн буух өртөөдөөр харвал,

Толгойт өртөө:

  • АИ-92 автобензин – 53 вагонцистерн
  • АИ-95 автобензин – 8 вагонцистерн
  • Дизель түлш – 90 вагонцистерн
  • ТС-1 буюу онгоцны түлш -12 вагонцистерн
  • Шингэрүүлсэн шатдаг хий – 8 вагонцистерн

Рашаант өртөө:

  • АИ-92 автобензин – 30 вагонцистерн
  • Дизель түлш -30 вагонцистерн
  • Улаанбаатар өртөө
  • Дизель түлш – 3 вагонцистерн

Эрдэнэт өртөө:

  • АИ-92 автобензин – 5 вагонцистерн

Дархан өртөө

  • –АИ-92 автобензин -13 вагонцистерн
  • АИ-95 автобензин – 1 вагонцистерн
  • Дизель түлш – 53 вагонцистерн

Чойр өртөө:

  • АИ-92 автобензин -2 вагонцистерн
  • Дизель түлш -31 вагонцистерн

Сайншанд өртөө:

  • Дизель түлш – 24 вагонцистерн тус тус байна.

2026 оны нэгдүгээр сарын 01-20-ны өдрүүдэд Сүхбаатар, Эрээнцав, Цагааннуур, Боршоо, Замын-Үүд зэрэг автозамын боомтоор нийт 173,182 тонн шатахуун орж ирээд байгаа юм. Тодруулбал, 69225 тонн АИ-92 автобензин, 1987 тонн АИ-95 автобензин, 96986 тонн дизель түлш, 951 тонн ТС-1 онгоцны түлш тус тус импортолжээ. Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж тогтвортой хэвийн байгаа гэв.