10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд хүчирхийлүүлсэн гэх 34 настай эмэгтэй өчигдөр олон нийтэд хандсан.

Тодруулбал, түүний хувьд бүлэг хүчингийн хэрэгт 2011 онд өртсөн ба эл хэргийг шалгуулахаар 2020 онд хуулийн байгууллагад хандсан боловч өнгөрсөн хугацаанд хэрэг дөрвөн удаа хаагдсан гэх мэдээллийг өгсөн юм. Харин цагдаагийн байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгож, шалгаж байгаа юм.

Тэгвэл хохирогч гэх бүсгүй өнөөдөр өөрийн цахим хуудаснаа "Хэргийг гацаасан байдалд өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг тэнцвэртэй, шуурхай шалгаасай гэж хүссэн тул би өөрөө ил гарсан. Энэ нь надаас их золиос зориг шаардсан. Би ганцаараа, тэд олуулаа. Энэ олон жил ганцаараа, ганц эмэгтэй далдуур тэмцээд үнэхээр хүчин мөхөстөөд үхтлээ шантарсан байсан үедээ ийм их зориг гаргаж Товч.мн сайтынхантай зөвшилцөж байгаад нийгэмд хандаж дуу хоолойгоо хүргэсэн.

Олон нийтийн хандлагаас урам зориг аваад итгэл найдвар маань их нэмэгдлээ. Та бүхэндээ маш их баярлалаа. Би нүүрээ ил гаргасан шиг, тэр хүмүүс нийгмийн өмнө болон хуулийн өмнө шийтгэл хүлээж илчлэгдээсэй гэж л хүссэн учраас. Миний ар тал болж байгаа шударга хүмүүс надад дутаж байсан түших тулга боллоо. Хэргийн эцсийг нь үзэх болно" гэжээ.