Наймхан сарын настай “нялх” Засгийн газар юм даа эвий эвий
2013/04/28
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы үйл ажиллагааг ажиглаад төрсөн бодлоо сөрөг хүчнийхэнд зөвлөгөө болгон хаяглая.
Үнэхээр сайн ажиглаад байсан чинь наймхан сарын настай “нялх” Засгийн газрыг унагах гээд улайран зүтгээд байгаа МАН-ынхны түмэн буруу юм байна. Ямар ч өө сэвгүй, ажлыг ч ёстой гялалзуулж яваа Ерөнхий сайдад энэ хэдэн нөхөд л зориуд хир халдаах гэж оролдоод байгаа юм байна. Бондын мөнгөөр алт худалдан аваад нөөцөө нэмэгдүүлсэн байсан ч энэ намынханд огт падлийгүй гэнэ. Эдийн засгийн өсөлт буурч, гадаадын хөрөнгө оруулалт татарсныг Ерөнхий сайдтай холбох хэрэггүй. Уул хаданд төөрч, төрийн ажил тасарч, төсвийн мөнгө үргүйдэж байсан ч Ерөнхий сайдын түмэн зөв. Ерөнхий сайдын төрсөн дүү Норовын Наранцэцэгийн охин Гэрэлхүүгийн Уянга Тавантолгойн нүүрсийг дамжин өнгөрүүлэхээс хувь хүртэх нь сөрөг хүчнийхэнд ямар ч хамаагүй. Энэ талаар дуулиан дэгдэнгүүт өнөөх Г.Уянгыг нэр нэгтнээр сольсныг мэдсэн хэрнээ мэдээгүй юм шиг явах ёстой юм байна. Ийм “гал асаасан” баримт олчихоод дуугүй л гүрий. Ерөнхий сайдын даалгавраар бүртгэлийн газрынхан дурын хүний бичиг баримтыг эрх ашигтаа нийцүүлэн өөрчлөөд байхад ч бүлх залгисан мэт дуугүй явах учиртай юм байна. Ерөнхий сайдтай холбоотой юу ч сонссон шүд зуугаад л чив чимээгүй сууж бай. Олон нийтэд энэ тухай мэдээлэл хүргэх шаардлагагүй юм байна. Цаадуул чинь мэдээгүй чигээрээ л дууссан нь дээр. Бүртгэлийн газрынхан долоо хоногийн дотор нэг асуудлаар хоёр өөр материал гаргаж өгөөд төөрөгдүүлэх гэж оролдож байхад юу ч сонсоогүй юм шиг “мэдрэлгүй” явах ёстой юм байна. Энэ хүмүүс нэг өдрийн дотор нэг сая төгрөгийн хөрөнгөтэй компани худалдаж авангуутаа нэг тэрбум болгож үржүүлээд тендерт давуу эрхтэй оролцож байхад ч Ерөнхий сайдад нялзааж болохгүй. Энэ чинь нэг их сүртэй баримт биш, байх л зүйл гэж эрх баригч хүчнийхэн чинь сануулаад байна. Манай Ерөнхий сайд маш шударга, ариун хүн. Түүнээс нэг ширхэг ч цент та нар олохгүй. Тэр бол шударга ёс, хууль дээдлэх зарчмыг тэргүүндээ залсан, төрийн албан хаагчдад үлгэр жишээ болохуйц хүн. Ийм үлгэр авмаар, нэр төрийг нь алдаршуулмаар Ерөнхий сайдтай байгаадаа ард түмэн бид баярлаж, өглөө бүхэн цайныхаа дээжийг өргөж, нэрийг нь дурсаж амьдрах ёстой юм байна.
Иргэн бидний 1072 хувьцааны баталгаа болсон “Эрдэнэс Тавантолгой” компани юу ч хийж, яаж ч туйлж байсан, эрх мэдэлтэй хэсэг нь иргэдийн өмч рүү гараа дүрж байхад хувь заяанд нь даатгаад суух нь аминд ч, араа боддог хүн бүхэнд өлзийтэй юм байна.
Төрийн алба төрлийн алба болсон ч та бүхэн нүдэн балай, чихэн дүлий яв. За ингээд асуудалтай зүйлийг гаргаж тавьснаараа сөрөг хүчнийхэн та нар л буруудаж, буцахдаа шороо тээх нь байна шүү. Эвгүйтвэл огцруулах санал гаргасан та нар л хөгжлийн тушаа нэр зүүж үлдэж мэдэх нь байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал гаргасан цөөнхийн бүлгийнхэн та нар дэндүү ёс журамгүй хүмүүс юм. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байхад муу юмны тухай ярьж суудаг яасан амны билэггүй хүмүүс вэ, та нар. Цаана чинь амьдрал сайхан, бүх зүйл Ok, ард түмэн бид сэтгэл хангалуун байхад та нар л илүү дутуу харж, мөрөөрөө ажлаа хийж яваа хүмүүсийг адлаад байгаа юм биш үү. Ерөнхий сайдын талаар муу үг хэлэх ёсонд хазгай юм байна. Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчих эрхтэй. Гаргасан захирамжаа дуртай үедээ урж хаях эрхтэй, яадгийм. Чадаж байгаа юманд арга байхгүй. Ер нь та нар яасан хууль мөрддөг хүмүүс юм. Хууль мэдэхгүй байх нь бусдад таалагддаг л юм байна. Хамгаалж өмөөрөх хүмүүс нь та нараас дэндүү олон юм.
Нээрээ ингэхэд огцруулах үндэслэлүүд тоочиж УИХ-ын ажлыг хоёр долоо хоног уясан МАН-ын бүлгийнхэн ичиг, ичиг. Та нараас болоод төрийн ажил гацаад, Ерөнхий сайд маань түмний өмнө бүлтэлзээд, Засгийн газрын бүтээн байгуулалтын ажил түгжээнд орчихоод байна. Сөрөг хүчнийхээн, та нар чинь Ерөнхий сайдыг хялайж харах нь бүү хэл шүүмжлэх ч эрхгүй юм байна шүү дээ. Ерөнхий сайд минь хууль зөрчиж л явбал ард түмэн бидэндээ ээлтэй юм байна. Наймхан сартай балчир Засгийн газрыг минь бүү оролдогтун. Балчир байх тусмаа л алдаа их гаргадаг болохоор та нар дуугүй тэвчиж явах нь хэн хэндээ тустай юм байна. Тэвч тэвч, тэвчээрт хязгаар байхгүй. Тийм болохоор аливаа юмыг өөнтөгч нүдээр биш өөдрөг сэтгэлээр харж бай. Огцрох эрхгүй бүхнийг “шинэчлэгч” энхрий хайрт Ерөнхий сайдаар маань үүнээс хойш, түүнээс цааш дахиж бүү оролд. Чуулганы хуралдааныг та нар ч үзлээ, бид ч харлаа. Одоо больё. Гүлдийгээд л явж бай гэж эрх баригч хүчин чинь хүсээд байна, ойлгож байна уу. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хэлсэнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг маань ТҮМ ТҮМ насалж, эгэл жирийн иргэн бидэндээ ивээл буянаа хайрлаж яваг ээ.
Н.ЦЭЦЭРЛЭГ
cheapeveningdre · 2013/05/30
No matter if some a single queries f his required issue, thus he/she desires to get obtainable that in detail, therefe that issue is taken care of me than listed here. cheap evening dresses http://www.iodress.com
Зочин · 2013/04/29
Бүхэл бүтэн 2 долоо хоног төрийн ажлыг ц****гардуулж байдаг таарсан ч сөрөг хүчин болдооо
Хуц · 2013/04/29
Хуц ****** ямар захи****гаар ийм юм бичиж суудийн арчаагүй хэдэн цаас горьдогч