Монголын эрчим хүчний салбарынхан нийтээрээ АТГ-т шалгуулах нь гэхэд хилсдэхгүй боллоо. Салбарын сайдын тойруулан баривчилгаа үргэлжилсээр байна.

“Эрдэнэт-Булганы цахилгааны сүлжээ” ТӨХК-ийн захирал В.Адъяа, Ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, инженер О.Азжаргал нарыг өнгөрсөн шөнө баривчилжээ.

Авлигатай тэмцэх газрынхан Эрдэнэт хотод хоёрдугаар сарын 02-нд ажиллаж тус албан тушаалтнуудын гэр, албан тасалгаанд нэгжлэг хийж, цахилгааны төсөлтэй холбоотой авлигал болохыг нь нотолсон байна.

Одоогийн байдлаар 48 цаг баривчлан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Эхний байдлаар дэлхийн банкны санхүүжилттэй “Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд Баян-Өндөр сумын 6-0.4 кВ цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах төслийн хүрээнд цахилгаан станц хүлээж авах Улсын комисст оролцон ажиллаж байхдаа гүйцэтгэгч компаниудаас их хэмжээний хахууль авсан нь тогтоогдсон аж.

В.Адьяагийн хувьд 2020 оны 10 сард Орхон аймгийн ИТХ-өөр томилогдон, ажиллаж, 2021-3-29-нд “Эрдэнэт-Булганы цахилгааны сүлжээ” ТӨХК-ийн захирал болсон нэгэн. Харин Ерөнхий инженер Б.Эрдэнэцогт нь 2021-12-22-ноос тус газарт дэд захирал бөгөөд Ерөнхий инженерийн албыг хашиж байжээ.

Тус салбарынханаас өмнө нь баривчлагдсан эрхэмүүд:

Өнгөрөгч нэгдүгээр сарын 15-ны өдөр “ТЭЦ-4”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Н.Тавинбэхийг баривчилсан. Тэрээр ЭХЯ-ны сайд, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа аж.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн гэрээг БНСУ-ын “Экзим банк”-ны эх үүсвэртэй 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр буюу 148.7 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 онд байгуулсан байдаг. Улмаар Эрчим хүчний яамнаас 2019 онд дээрх төслийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-аас хоёр аж ахуйн нэгж, Монгол Улсаас нэг аж ахуйн нэгжийн түншлэлийг сонгон шалгаруулж, Зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан байгаа аж. Үүнээс хойш төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, мөн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан байхад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Зөвлөх үйлчилгээний” гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллараар нэмэгдүүлж Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байдаг.

Одоогоор түүнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн. Нэмж хэлэхэд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон болохыг АТГ-аас олон нийтэд мэдээлсэн.

Мөн  өнгөрөгч нэгдүгээр сарын 15-ны өдөр П.Товуудоржийг яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн. Тэрээр Эрчим хүчний яаманд газрын дарга, мөн яамны сайдын зөвлөх, Эрчим хүчний зохицуулагч хорооны зохицуулагчаар ажиллаж байжээ. Иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэйшнл”-тэй зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах эрхийг 2019 онд Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Ц.Даваасүрэн олгож байсан байна. Тухайн үед Н.Тавинбэх нь Эрчим хүчний төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Энэ үеэс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, П.Товуудоржийн компанид давуу байдал олгож, зөвлөх үйлчилгээний ажил дуусчихаад байхад санхүүжилтийг 2.1 сая ам.доллараар нэмэгдүүлж олгосон асуудалтай нь холбогдуулан шалгагдаж буй.

"Грийн Энержи Интернэйшнл" ХХК нь 2018 онд байгуулагдсан, 2023 оноос П.Товуудоржийн дүү П.Даваадоржийн нэр дээр бүртгэлтэй аж.

Түүнчлэн Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Нямааг шалгаж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараагаар тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлээд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлнэ. Тодруулбал, Б.Нямаа нь одоогийн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар ажиллаж байхад түүний зөвлөх, мөн Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтэст олон жил ажиллаж байсан нэгэн аж. Н.Тавинбэх нарын уг хэрэгт хамаарал бүхий дээрх этгээдүүдийн нэр дээрх АТГ-аас 21 газарт нэгжлэг хийж олон тооны үл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэлүүдийг хураан авчээ. Нэмж дурдахад, Н.Тавинбэх нарын хэрэгт нэр дурдагдаад буй хүмүүс бүгд түүнийг сайд байх үед Эрчим хүчний салбарын өндөр албан тушаалд томилогдож байжээ.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох өмнө нь Эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа өөртөө илтэд эдийн засгийн давуу байдал бий болгосон хэмээн шалгалтын ажиллагаа явуулжээ. Тэрбээр Н.Тавинбэхийг сайд байх үед буюу 2020-2022 онд Яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж, сайд нь буумагц Эрчим хүчний яамны газрын даргаар хоёр жил гаруй ажиллаж, өдгөө Зам, тээврийн яамны ТНБД хийж байна. Түүнийг 2023 оны 11 дүгээр сарын 16-нд нэр бүхий аж ахуйн нэгжээс ирүүлсэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт баригдах уул уурхайн баяжуулах үйлдвэрийн “Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгуулах” хүсэлтийг хэлэлцэж, тэр өдөрт нь цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг баталсан. Б.Насантогтох дээрх техникийн нөхцөл баталснаас хойно 2024 оны зургадугаар сарын 20-нд өөрийн эхнэрийн үүсгэн байгуулсан нэр бүхий аж ахуйн нэгжийн нэрээр дээр дурдсан аж ахуйн нэгжтэй “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх” 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээг байгуулж өөртөө давуу байдал бий болгосон гэдгийг шалгалтаар тогтоогоод байгаа юм. Ингээд прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нэгжлэгийг зохион байгуулсан. Ингэхэд түүний гэрт хийсэн нэгжлэгээр 10.600 ам.доллар, 11.600 юань, 300 мянган вонн, 3440 евро, мөн түүний хамаарал бүхий этгээдийнх нь гэрээс 70 мянган ам.доллар буюу нийтдээ 350 орчим сая төгрөгийг хурааж авсан. Дээрх мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг шуурхай тогтоохоор АТГ-аас ажиллаж байна. Мөн Б.Насантогтохын хэрэгт түүний эхнэр Ч.Ариунтунгалагийн төрсөн дүү Ч.Амгалантөгс болон Ч.Ариунтунгалагийн төрсөн дүүгийн нөхөр Г.Баатар нарыг яллагдагчаар татан, 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн юм. Харин АТГ-аас өнгөрсөн сарын 26-ны өдөр гэнэт дайчлан баривчилж, цагдан хориод байгаа билээ. Тэрбээр өмнө нь УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан бөгөөд одоо “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байгаа билээ. 

"Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн болон Ц.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 22.1 Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан нэгжлэг хийж, яллагчаар татаад 30 хоногийн хугацаатай цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Ц.Мөнхбаярын хувьд өмнө нь Эрчим хүчний яаманд хэлтсийн даргаар ажиллаж байсан, өдгөө хувийн компанид ажилладаг нэгэн. Уг хэрэгт хахууль дамжуулж, зуучилсан байж болзошгүй байгаа юм.

Баян-Өлгий аймагт хоёр байршилд нэгжлэг, шалгалтын ажиллагаа хийх үеэр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбекийн гэр, ажилд нэгжлэг хийсэн. Баривчлаагүй аж. Нэгжлэгийн үр дүнд үнэт эдлэл болон гадаад валютуудыг хураан авсан байна. Тодруулбал, нэг хэсэг "Алтай Таванбогд"-ыг ухах гэж байна хэмээн шүүмжлэлд өртөж байсан "Эс жи групп" ХХК нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд "Цагаан Овоот уул" нэртэй алтны ордыг эзэмшдэг байна. Тус компани нь уг алтны уурхай руу цахилгаан эрчим хүч холбохын тулд 35 кВ цахилгааны шугам, 2500 кВа хүчин чадал бүхий дэд станцын техникийн нөхцөлийг өөрчлүүлж, дээрх нэр бүхий хүмүүст хахууль өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Дотоодын аудитын газрын улсын ахлах байцаагч А.Бямбадорж Хүннү хотын хөгжлийн корпорацийн инженер Б.Мөнхсайхан нарыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж, нэгжлэг хийсэн байна. Тэднийг өмнө нь хамт ажиллаж байхдаа буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн хийж байхдаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон байж болзошгүйгээр шалгаж байгаа юм байна.

АТГ-аас Орхон аймаг дахь “Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ" Төрийн өмчит хувьцаат компанийн албан тушаалтнуудын гэр болон албан өрөөнд нэгжлэгийн ажиллагаа явуулсан байдаг. Тодруулбал, АТГ-ынхан Эрдэнэт хотод ажиллаж, "Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адъяа, дэд захирал Б.Эрдэнэцогт, инженер О.Азжаргал нарын хүмүүсийн гэр, албан өрөөнд нэгжлэг хийжээ. Дээрх нэр бүхий албан тушаалтнууд нь цахилгааны төслийн хүрээнд цахилгаан станц хүлээж авах комисст оролцон ажиллаж байхдаа гүйцэтгэгч компаниудаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй байгаа аж. Ийнхүү “Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ" Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал В.Адъяа, ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, төслийн нэгжийн дарга Х.Азжаргал нарыг хойшлуулшгүйгээр цагдан хорьсон байна.

Ийнхүү одоогийн байдлаар арав гаруй албан тушаалтны гэр, ажилд нэгжлэг хийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ. Дээрх эрчим хүчний салбарт холбогдох хэргүүд нь тухайн салбартаа өмнө нь дандаа сайд хийж байсан, төрийн нарийн, яамдуудад төрийн нарийн хийж байсан төрийн өндөр албан тушаалтнууд байгаа нь олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийн нэг болоод байна.