БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан Шинфа” XXK-ийн захирал С.Г-ээс “авто зам барих гэрээгээр тохиролцсон 62 сая ам долларыг бусдад залилуулсан” гэсэн гомдлыг 2023 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Энэ гомдол, асуудлын талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулахад “Иргэн Г-ийн гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 3 удаа хэргийг хаах саналтай прокурорт ирүүлсэн. Уг хэрэгт хяналт тавьсан прокурор мөрдөгчийн саналыг хянаад, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэн, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын даалгавар бичиж, мөрдөгчид буцаасан.

Мөрдөх байгууллагаас хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа явуулж, өнгөрсөн оны 9 дүгээр сард хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн, хаах санал гаргаж Нийслэлийн прокурорын газарт ирүүлснийг прокурор хянаад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж дүгнэн, өөрийн дотоод итгэлээр 2025 оны 9 дүгээр сард “гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, эд хөрөнгийн маргаан” гэж үзэн, хэргийг хааж шийдвэрлэсэн.

Энэ шийдвэр нь холбогдогч талууд иргэний журмаар шүүхэд хандах эрх нь нээлттэй” гэв.