Сүүлийн өдрүүдэд “Шинжиан Шинфа” XXK-ийн гүйцэтгэх захирал Сун Гуан Чуаныг Монголын талын нэр бүхий компани хөрөнгийг нь завшсан гэх мэдээлэл цахим орчинд тараад буй билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан М-Ойл группийн Ерөнхий захирал Р.Батбаяр дараах мэдэгдлийг хийжээ. 

М-Ойл группийн Ерөнхий захирлын хувиар хэвлэл мэдээллээр гарч буй манай компани болон гэр бүлтэй холбоотой мэдээлэлд дараах хоёр тайлбарыг өгч байна.

Нэгдүгээрт, М-Ойл групп нь “Шинжиан Шинфа” компанид ямар нэгэн өр төлбөргүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Увс аймгийн Хяргас нуурын хөвөөгөөр баригдсан 135 км авто зам нь олон жил үргэлжилж, олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн чанартай зам билээ. Төслийн концесс эзэмшигч “Хос мөнгөн зам” ХХК болон тэдний гэрээт гүйцэтгэгч “Шинжиан Шинфа” компанийн хооронд төлбөр тооцоотой холбоотой маргаан үүссэн. Мөн замын төгсгөлийн хэсэгт хагарал, нуралт үүссэнтэй холбоотойгоор баталгаат хугацааны засварын төлбөрийн асуудал гарсан байдаг.

“Шинжиан Шинфа” компани Төрийн банкнаас хууль бусаар авсан 20 тэрбум төгрөгийг “Хос мөнгөн зам” ХХК төлсөн бөгөөд үүнээс гадна 100 тэрбум гаруй төгрөгийн төлбөрийг барагдуулсан байхад огт мөнгө төлөөгүй мэтээр гүтгэж байгаа нь үндэслэлгүй юм. Бие даасан хуулийн этгээдүүд болох “Хос мөнгөн зам” ХХК болон “Шинжиан Шинфа” компаниуд төлбөр тооцоогоо Компанийн тухай хуулийн дагуу шийдвэрлэх ёстой.

Хоёрдугаарт, манай компани нь бизнесийн байгууллагын хувьд олон компанитай бизнесийн зарчмаар хамтран ажилладаг бөгөөд “Бат девелопмент” ХХК тэдний нэг юм. Тус компанид тодорхой нөхцөлийн дагуу зээл олгож байсан болно.

Компани, хуулийн этгээдүүд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд байгуулсан гэрээ хэлцэл, хийсэн төлбөр тооцоог хөндлөнгөөс зориуд мушгин гуйвуулж, улс төржүүлж байгаа нь зүйд нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд хуулийн холбогдох заалтуудын дагуу нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандах болно.

Ардаа олон үзүүртэй гүтгэлгийн бай болж, ойр дотны хүмүүсийнхээ санааг чилээсэнд хүлцэл өчиж байна.