Өнөөдрөөс төрийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчилнэ
2 цагийн өмнө

Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ энэ жил гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд улс орон даяар болно. Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2018 оноос хэрэгжиж эхэлсэн уг арга хэмжээ нь төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлснээр “Музейн нээлттэй өдрүүд 2026”-ийн хүрээнд нийслэл болон 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Энэ жилийн арга хэмжээ түүхэн ой, тэмдэглэлт үйл явдлуудтай уялдсанаараа онцлог юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жил, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жил, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн “Гэр бүлийн аялал”, хүүхэд, эцэг эхийн хамтарсан танин мэдэхүйн тоглоом, бүтээлч ажил, соёлын өвийг таниулах хөтөлбөр, музейн тайлбарлагчтай аялал зэрэг олон нийтийн оролцоонд тулгуурласан арга хэмжээг зохион байгуулна. Үүнээс гадна музейн сан хөмрөг дэх дурсгалуудын хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалт, судалгааны ажлын ач холбогдлыг сурталчлах ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх юм. “Музейн нээлттэй өдрүүд 2026” нь соёлын өвийг олон нийтэд илүү ойртуулсан томоохон арга хэмжээ болох юм.






