Өнгөрөгч Баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэв.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний ёсзүй, хариуцлагын асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барихаар бэлэн болжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр "Монгол Улсын Ерөнхийлөгч монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийн хангах Үндсэн хуульд заасан чиг үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд иргэд олон нийтийн парламент дах хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барихаар болж байна. Монгол Улс парламентын засаглалтай орон тиймээс парламентын дархлаа парламентын нэр хүнд өөрөө тухайн улсын язгуур эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үздэг" хэмээн ярьсан юм.

Тэгвэл дээрх хуулийн талаар "Байр суурь"-аа гишүүд хэрхэн илэрхийлж буйг хүргэж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:  УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг би дэмжиж байгаа. Учир нь жагсаалтаар орж ирсэн гишүүдийг эгүүлэн татах хууль байхгүй. Тухайн хүн өөрөө хүсэлтээ гаргах эсвэл гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдоогүй бол эгүүлэн татах үндэслэл болдоггүй. Тиймээс энэ бол маш зөв хууль. Гэм буруутай хэр нь УИХ-ын гишүүн гэдэг утгаар хамгаалагдах ёсгүй. Намаас чөлөөлөгдөж байгаа дөрвөн гишүүнийг ч мөн журмын дагуу чөлөөлсөн гэв.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Монгол Улсын засаглал, төрийн тогтолцоотой нягт холбоотой асуудал учраас маш няхуур хандах ёстой. Энэ хувь хүний асуудал юм уу, улс төрийн намын бодлого шийдвэрээр нэр дэвшүүлэлтээ хийж буй асуудал юм уу эсвэл жендэрийн квотын асуудал уу гэдгийг харахгүй бол нэг юм уу тодорхой хэдэн хүний нүүрийг нааж байгаад энэ бол болохгүй зүйл гэж шийдэж болохгүй. Учир шалтгаан нь юундаа байна гэдгийг тодорхойлж, шийдэл гаргах хэрэгтэй. Энэ бол 126 гишүүнтэй анхны парламент. Аль ч үеийн парламент 100 хувь мундаг сайн байгаагүй. Тиймээс нэг асуудал гарангуут “Энэ тогтолцоо нь, жендэрийн квот нь буруу байсан байна” гээд хийсэн шинэчлэлээ үгүйсгэх нь буруу. Ямар нэг шинэчлэл хийсэн тохиолдолд 2-3 удаагийн циклээр явж байж тогтворждог. Энэ бол анхны парламент учраас алдаа, оноотой зүйл байгаа. Тэр нь юунаас болж байгааг ул суурьтай гаргаж ирэх хэрэгтэй. Бид үүнийг маш нухацтай авч үзэх ёстой. “Нэн яаралтайгаар” гэсэн үг гарч байх шиг байна лээ. Үүнийг нэн яаралтайгаар хэлэлцэх ёсгүй асуудал гэж харж байна. Агуулгын хувьд хуулийг нь харах ёстой. УИХ-ын дархлааны асуудал бол үе үеийн парламентад яригдаж байсан. Парламент өөрөө дархлаатай байж Монгол Улс парламентын ардчилалтай юм уу, өөр ардчилалтай юу гэдэг нь шийдэгдэх байдал руу явж байж магадгүй. Парламентын дархлаа гэдэг үгний дор гэмт хэргийг нуун дарагдуулах зэрэг асуудал байж болохгүй.

М.Нарантуяа-Нара: Миний анхлан санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг олон хүн хавсарч дэмжиж шинжтэй шүү, талархалтай байна. Ерөнхийлөгч маань хүртэл дэмжиж хүч хавсрах бололтой. Гялай гялай. 

Тэрээр өнгөрсөн оны зургаадугаар сард "Миний бие энэ Их Хуралд Гишүүн байх хугацаандаа ганц л хууль санаачилж ард түмэндээ буян болоод бууя гэж шийдлээ. “Их Хурлын Гишүүнийг Эгүүлэн Татах” тухай хууль. Энэ хуулиар улсаа тоногчдын гар хөл болсон гишүүдээ ч татдаг байг, бүдүүн бүдүүлэг манийгаа ч татдаг байг" хэмээн ярьж байсан удаатай.