Албан томилолт нэрийдлээр аялал зохион байгуулсан этгээдэд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Ц.Эрдэнэсүрэн нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Эрдэнэдалай суманд хог зөөврийн авто машин ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахдаа, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 44,9 сая төгрөгийн үнэ бүхий автомашин нийлүүлэх, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг “Д ХХК”-д өгч бусдад давуу байдал бий болгосон.

Мөн үргэлжилсэн үйлдлээр Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчиж, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд, Төв аймаг болон Өмнөговь аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох ажилд, Дундговь аймгийн ЗДТГ-ын 22 албан хаагч оролцох нэрийдлээр албан томилолтын материалыг хуурамчаар үйлдэж, орон нутгийн төсвөөс 7,7 сая төгрөг гаргуулан авч, 22 албан хаагчийн хамт БНХАУ-руу аялал зохион байгуулж, өөрт болон бусдад давуу байдал бий болгосон.

Түүнчлэн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд, Сэлэнгэ аймагт ISO-9001/2015 стандартыг хэрэгжүүлэх сургалтад 11 албан хаагчийг оролцуулах нэрийдлээр албан томилолтын материалыг хуурамчаар үйлдэж, орон нутгийн төсвөөс 4.4 сая төгрөг гаргуулан авч, 11 албан хаагчтай ОХУ-руу аялж, хийх ёсгүй үйлдлийг хийж, өөрт болон бусдад давуу байдал бий болгож, улсад 12 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Эрдэнэсүрэнг нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН 2026 ОНЫ 03 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААН