Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьсан талаар мэдээлэл цацагдаж эхэллээ. 

Тэгвэл энэ талаар, Хилийн хориг тавьсан тухай шүүхийн тоймд "Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Болормаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Яллагдагч Э.Болормаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор...” яллагдагч Э.Б-д хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй байх тул яллагдагч Э.Б-д 2026 оны 03 сарын 03-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв" хэмээжээ.

Дээрх хэргийг нэхэн сануулахад, УИХ-ын сонгуулийн III тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Болормаа нэр дэвшихдээ “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан. Үүнийг нь аудитын байгууллага хянаж, хуулийн зөрчлийг нь арилгуулаагүй. Сонгуулийн үеэр гаднын хөрөнгө оруулалттай компаниа авсан хандиваа буцааж шилжүүлээгүйд буруутгагдаж буй.

Түүнийг гаднын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан хэргээрээ яллагдагчаар татагдаж, шүүхээс албадан ирүүлэх шаардлага хүрүүлээд буй. Үүнд тэрбээр "Санаатай үйлдэл. Цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан" гэх хариултыг өгч байсан удаатай.