Монгол Улсын "Үнэт цаасны зах зээлийн тухай хууль"-ийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дах заалтад заасны дагуу үнэт цаас гаргагч компаниуд 2014 оны II улирлын санхүүгийн тайланг энэ сарын 20-ны дотор Монголын Хөрөнгийн Биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг.
 
Монгол Улсын Сангийн яамнаас дээрх хугацааг Улсын баяр наадам болон амралтын өдрүүдтэй давхцаж байгаатай холбогдуулан 2014 оны долдугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгажээ. Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нийт 244 хувьцаат компаниас 48 хувьцаат компани тайлангаа ирүүлж, тайлангийн ирц 19.7 хувьтай байна.
 
Мэдээллийн ил тод байдлыг хангахтай холбоотой үүргээ хэрэгжүүлээгүй нэр бүхий 196 компаниудын гаргаж буй зөрчил, дутагдлыг Монголын Хөрөнгийн Биржийн зүгээс олон нийтэд мэдээлж, цаашид зөрчил давтагдсан тохиолдолд арилжааг зогсоолгох, бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдлээ.
 
Хугацаандаа тайлан ирүүлээгүй компаниудын жагсаалтыг энд дарж  үзнэ үү. 
 
Х.Даваа