Манай улс гадаадын мөнгөн тэмдэгт болох доллараас бүрэн хамааралтай болсон гээд хэлчихэж болно. Хүнсний гол нэрийн хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Яагаад нэмэгдсний учрыг асуухад худалдагч нар "долларын ханш өссөн" хэмээн хариулдаг цаг үед бид амьдарч байна.

Эдийн засгаа доройтол орж хүчин мөхөстсөн гэдгийг эрх баригчид хүлээн зөвшөөрч "ЭЗЭН-100" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд 82 хоногоо үдлээ. Энэхүү эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт "сэхэх" бус "сульдсан" эдийн засагтай улс болон хувирсан.

Тухайлбал, ам.долларын ханш өнөөдрийн байдлаар монголбанкнаас зарласан ханш 1856 төгрөг. Харин арилжааны банкуудад авах үнэ нь 1848 байгаа бол зарах ханш 1865-1868 байна. Энэ эрчээрээ яваад байвал тун удахгүй 2000 төгрөгт хүрэхгүй гэсэн баталгаа алга. 

"ЭЗЭН-100" хөтөлбөр эхэлсэн өдрөөс эхлэн компаниуд дампуурлаа зарласан. Өдгөө ч мөн адил үйл ажиллагаагаа зогсоож, хаалгаа барихад хүргэх бололтой. Түүнчлэн 2014 оны төсөвт ам.долларын ханшийг 1384 төгрөгөөр тооцсон нь улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажил хийхээр тендэрт шалгарсан компаниудад хүндхэн ачааг үүрч мэднэ. Валютын ханшийн өсөлтийг намжаах цаг иржээ. Учир нь улсын төсвөө тодотгоогүй байгаа энэ цаг үед нөгөө бүтээн байгуулалт ашиглалтанд орохгүй зогсолтонд орох эрсдэл тулгарах юм. Энэ онд ашиглалтанд орох сургууль, цэцэрлэгийн тоо цөөрөхөд хүрнэ гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуягтаа сануулья. Та хэлсэн амандаа хүрч ам.долларын ханшаа 1384 төгрөгтөө барьсан бол өдийд бид амыг тан асуухгүй байсан биз ээ. Нөгөөтэйгүүр долларын ханшийг хэсэг нөхдүүд санаатай өсгөж байгаа хэмээн мэдэгдэж байснаа санаарай.  Импортоос хэт их хамааралтай улс гадаад валютад дарлагддаг жишээ манайд бүрэн утгаараа хэрэгжиж байна.

 

Х.Даваа