Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ
2 цагийн өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2026.03.30/-ийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хамт боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөл, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзэв.






