Ингэж байснаас УИХ тарсан нь дээр юм биш үү?
3 цагийн өмнө

АН-ын УИХ-ын чуулганыг бойкотолсоноос үүдэлтэйгээр Г.Занданшатар Ерөнхий Сайдаас хүсэлтээрээ чөлөөлөгдөж, Н.Учрал Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон билээ. Гэвч сайд нарыг томилох үйл явц удааширч, МАН дахь 38, 30-ийн бүлэглэлийн зөрчил үргэлжилсээр байна. Энэ бүхэн чухам юунаас үүдэлтэй бэ? Яг цаад язгуур шалтгаан нь Үндсэн хуулийн доголдолтой холбоотой гэхэд болно.
Учир нь УИХ дахь МАН-ын 30-ын бүлэг гэгч бол Ерөнхий Сайд, МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнийн бүрдүүлж, УИХ-ын 2024 оны сонгуульд орсон баг. Зүй нь хэрэв Л.Оюун-Эрдэнэ огцорч, эрх баригч намын дарга солигдсон л бол УИХ дахь бүлэг нь Н.Учралыг дэмжих ёстой.
Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ өрнөж байна. Нам доторх бүлэглэлүүд өөр өөрийн ашиг сонирхлоор хөдөлж, төрийн тогтвортой байдлыг алдагдуулж, Засгийн газрын бүрдэл бүрэн гүйцэд ажиллах боломжийг хязгаарлаж байна. Энэ нь зөвхөн нэг намын дотоод асуудал биш, харин төрийн институцийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж буй системийн гажуудал юм. Хэрэв энэ байдлаараа намын бүлгийн багагүй хэсэг нь дэмжихгүй бол УИХ-ыг тарааж, МАН-ын дарга Н.Учрал өөрийн багаа бүрдүүлж УИХ-ын ээлжит бус сонгуульд өрсөлдөх нь зөв юм.
Өөрөөр хэлбэл, улс төрийн хариуцлага нь зөвхөн албан тушаал солигдохоор хязгаарлагдах бус, бодит эрх мэдэл, багийн шинэчлэл дагалдах ёстой. Одоогийн нөхцөлд шинэ Ерөнхий сайд хуучин фракц, хуучин зөрчил дунд ажиллах гэж оролдож байгаа нь өөрөө тогтолцооны гажуудлыг илтгэнэ.
Японд гэхэд яг л ийм жишиг байдаг бөгөөд хамгийн сүүлд гэхэд л Санаэ Такаичигаар удирдуулсан Либерал Ардчилсан Нам парламентын ээлжит бус сонгуульд оролцож ялалт байгуулаад байна. Тэнд улс төрийн хариуцлага гэдэг нь илүү тодорхой. Намын удирдлага солигдвол бодлогын баг ч дагаж шинэчлэгддэг. Ингэснээр шинэ удирдлага бодлогоо хэрэгжүүлэх бодит боломжтой болдог.
Харин Монголд эсрэг дүр зураг ажиглагдаж байна. Удирдлага солигдсон ч парламент дахь хүчний харьцаа, фракцын нөлөө хэвээр үлдэж, шинэ Ерөнхий сайд бодлогоо хэрэгжүүлэхэд саад болж байна. Энэ нь эцсийн дүндээ төрийн шийдвэр гаргалтыг гацааж, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Иймээс ч үнэхээр зөрчил, бойкот нь дийлдэхгүй хэмжээнд хүрчихсэн юм бол Үндсэн хуулийн хүрээнд ямар нэг аргаар УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулбал яасан юм бэ? гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. Энэ нь хямралаас гарах “шулуухан” шийдэл юм биш үү?
Эцэст нь хэлэхэд, асуудал ганцхан хувь хүмүүс дээр биш, тогтолцоон дээр байна. Хэрэв одоогийн бүтэц, бүлгүүдийн харилцаа нь төрийг гацааж байгаа бол түүнийг шинэчлэх зоригтой алхам хийхээс өөр гарцгүй. Тэр нь магадгүй УИХ-ыг тараах шийдвэр байж ч болох юм.
Б.Намуун
sonin.mn







Иргэн · 44 минутын өмнө
Анхнаасаа л болохгүй байгаа нь мэдрэгдсэн шүү дээ. Улс орноо гэсэн хүмүүс барагмбайхгүй яавал хулгай хийж болох нүх сүв хайсан хүмүүсээр дүүрсэн УИХ шүү дээ. Ерөнхийлөгчөө УИХ-ыг тараа.