Н.Учралын Засгийн газрыг бүрдэхэд хилэнгээ барьж дийлээгүй Б.Пүрэвдорж тэргүүтнүүд өмнө нь Г.Занданшатарыг Засгийн газраа байгуулахад, дараа нь огцроод эргэн сэхэх үед нь ганц үг ганхийгээгүй нь тун хачирхалтай. Б.Пүрэвдорж, Баян Бажаа тэргүүтэй АН-ынхан Н.Учралын засгийг томилох УИХ-ын чуулганы хуралдаан дээр сөрөг хүчнийхээ хувиар оролцоогүйнх нь эхний шалтгаан энэ. Дараагийн шалтгаан нь сайд болоогүйдээ шаралхсан бухимдал.

Н.Учралын Засгийн газар бүрдэж, УИХ-д танилцуулдаг шөнө УИХ дахь АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд тун ууртай байв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Харж байгаарай, 2028 оны сонгуульд АН ялаад та нарыг бүгдийг нь Мааньтын чанга дэглэмтэй хорих анги руу ногоон автобусаар чинь явуулна” гэж омгорхсон бол улстөрд мотордуулж орж ирсэн нялх Сэнгүмүүдийн нэг С.Эрдэнэболд Н.Учралын засагт орсон үе тэнгийн улстөрч рүүгээ “татаасаар орж ирсэн” гэх мэтээр “агсагнав”. Ц.Баатархүү, Ө.Шижир, MCS-ийн гэгддэг Ж.Баярмаа, АПУ-гийн П.Батчимэг нар хөмсгөө зангидаж, хоолойгоо цахиртуулан дуугаа өндөрсгөж юм юм л боллоо.

Үүнийг харсан А.Ариунзаяа гишүүн “Сөрөг хүчнийг сөрөг хүчнээр нь харах сайхан байна, та нар ямар удаж ирэв ээ” гэж тун хоржоонтой үг шидээтэхнэ лээ. Б.Пүрэвдоржтонгууд сөрөг хүчний байр сууринаас чуулганы танхимд орж ирээгүйг ёжилсон хэрэг л дээ. Цаг хугацааг багахан ухраая. Н.Учралын Засгийн газрыг бүрдэхэд хилэнгээ барьж дийлээгүй Б.Пүрэвдорж тэргүүтнүүд өмнө нь Г.Занданшатарыг Засгийн газраа байгуулахад, дараа нь огцроод эргэн сэхэх үед нь ганц үг ганхийгээгүй нь тун хачирхалтай. Б.Пүрэвдорж, Баян Бажаа тэргүүтэй АН-ынхан Н.Учралын засгийг томилох УИХ-ын чуулганы хуралдаан дээр сөрөг хүчнийхээ хувиар оролцоогүйнх нь эхний шалтгаан энэ. Дараагийн шалтгаан нь сайд болоогүйдээ шаралхсан бухимдал.

Засаг бүрдэхийн өмнө МАН дотроо 30:38 болоод хуваагдчихсан, хагарал нь туйлдаа хүрч байв. Парламентын засаглалын хүчийг сулруулахгүй талд бат зогсч буй 30-ынхан 38-ын талын тод төлөөлөл Хууль зүйн сайд асан Б.Энхбаярыг хувийн компаниас өчнөөн сая доллар авлигад авсан хэмээн мэдэгдэж, баримтынх нь зах зухаас дэлгэж эхлээд байлаа. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл яг энэ агшинд ганган улстөр хийгээтэхсэн. УИХ-ын даргыг “авч хаясан” түүний акц бол УИХ дахь сөрөг хүчний хувьд яах аргагүй хүчирхэг тоглолт. О.Цогтгэрэлийн цаад том улстөр нь МАН-ын 30-тай нэгдэж эрх баригч намыг жинхэнэ утгаар нь “сүйрүүлэх” байсныг энэ дашрамд тодотгоё. Харамсалтай нь сайдын суудал горилсон АН-ын 14 гишүүн даргынхаа “ганган улстөр”-ийг сүйдэлчихлээ.

Бүлгийн даргаа суудлаас нь огцруулж, сайдын суудал авахаар улайрсан АН-ын 14 дотор нийтлэлийн өмнө дурдсан Б.Пүрэвдорж тэргүүтнүүд бий. Шинэ засаг томилогдох чуулганы хуралдаанд ууртай үг шидэцгээсэн Б.Пүрэвдорж тэргүүтнүүд Н.Учралыг царайчилж явах үеэр хийсэн хоёр улстөрчийн мэдэгдлийг эргэн сануулъя. Н.Номтойбаяр “АН-ын гишүүд битгий МАН-ын дарга нарын өрөөгөөр гүйж ганц нэг зуу горьдоод яваад бай” гэж ёжилсон бол УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулдаг шөнө бүлгийн шийдвэрээ хэн, хэн дагаагүй, ирцдээ орохгүй байсан бэ гээд хөөвөл нэрс нь гараад ирнэ. Тэр наймаачид одоо дараагийн наймаагаа хийгээд бүлгийг задлахаар оролдож байна. Яг нэгдээд сөрөг хүчин шиг хүчтэй байя гэхээр ингэж байгаа нь айлын Засгийг хамгаалж үлдэх гэсэн үйлдэл” хэмээн мэдэгдэж албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй 14 гишүүний булайг дэлгэсэн юм.

Г.Занданшатарын Засгийн газрын эхний “уналт”-аас тайлбарлавал тун ойлгомжтой болно. 2025.10.17-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг “зугтаасан” юм. Тэд УИХ-ын нэгдсэн чуулганд суух үндсэн үүргээ таягдаж, тойрч зугтаасаар Г.Занданшатарын Засгийн газрыг аварч байв. Эрх баригч нам нь өөрөө Засгийн газраа унагаая гээд чуулган зарлаад байхад сөрөг хүчний гишүүд хуралдаа суухгүй, хуулийн хугацааг өнгөрөөж байв. Үүнийхээ ашгийг Ч.Лодойсамбуугийн хэлдгээр ил далдаар хүртсэн нь гарцаагүй.

Товчхондоо АН-ын 14-ийн энэ нохойтол хоёр тал болчихсон байсан МАН-ын 30:38-ыг нэгтэж хүчтэй сөрөг хүчин байх алтан боломжоо алдав. Н.Учралын Засгийн газарт ХҮН, Үндэсний эвсэл нэгдлээ. Н.Учрал үүнийгээ “Намын дотоод зөрчил, эв нэгдлийг харж, хамтрах нам эвслийг сонгосон” гээд зарлачихна лээ. Ухаалаг үг, уран нүүдэл.

Давтан онцлоход АН жинхэнэ сөрөг хүчин шиг байсан бол тэдэнд алтан боломж гарч ирээд байсан юм. МАН хоёр хуваагдан задарч, хоёр талд хулгай луйвраа ээлжлэн илчилж байлаа. Энэ бол зөвхөн АН-аар тогтохгүй олон нийтийн хувьд ч эрх баригч намын хулгай луйврыг ил харах, цаашлаад хариуцлагад татах боломж болж байв. Нөгөө талаар зөвхөн АН талаас илүү эрх баригч намын хуваагдал, тэр дундаа 30-ын бүлэг гэгддэг Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар парламентын ардчиллыг хамгаалах, Б.Энхбаяр нарын авлигын сүлжээг зарлаж байгааг хамгаалах учиртай юм. Харин АН-ын 14 гишүүн эртнээс 38-ын талд үйлчилж, яв гэсэн газар явж, зогс гэсэн газар нь зогссоор өнөөдөр ийнхүү МАН-ын хуваагдлыг нэгтгэж, хулгай луйвраа илчилж байсныг нь зогсоон, далд хэлбэрт шилжүүлчихлээ.

Дахин хэлэхэд эрх баригч намын дарга Н.Учрал тун уран нүүдэл хийлээ. Түүний эсрэг яаж ч зогсож чадах бүхэл бүтэн 42 гишүүнтэй АН-ыг задалж, эцэст нь сөрөг хүчин “бөлдөгдүүлсэн” мэт юу ч хийж чадахгүй үлдэж байгааг л нийтээрээ харлаа. Б.Пүрэвдорж шорон ярьж, С.Эрдэнэболд “Зарим сайд нарыг шалгуулж” гэж бачимдсан нь сөрөг хүчний дуу хоолой бус, дүр эсгэсэн чарлаан байлаа. Үүнийг олон нийт мэдэх учиртай.

Өнөөдөр аль нэг намын гишүүд сайд болох нь ард түмэнд чухал бус ард түмний боломж, төсвийн мөнгө, баялгийг хулгайлсан, баримтууд яригдсаар байгаа эзэд, эрх мэдэлтэй, албан тушаалтай үлдэж, хулгай луйвар дарагдаж байгаа нь хамгийн их хорлонтой явдал юм. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгийн их ярьж, УИХ-д суудалтай болсон АН-ын залуус ээлжит, ашигт улс төрөө гүйцэлдүүллээ. Үр дагавар нь нийгэм, олон нийт, ард түмний тарчиг амьдралаар илэрдэг нь гашуун үнэн.

 

Д.БАТБОЛД

ӨДРИЙН СОНИН