Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн УИХ хэлэлцэж эхэлсэн. Хуулийн төсөл ТББХ-ны дэмжлэгийг аваад байна.

Тийм учраас нэгдсэн чуулганаар өнөөдөр хэлэлцэж эхэлнэ. Гэхдээ ТББХ-ны хуралдааны үеэр хэд хэдэн гишүүн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг эрс шүүмжилж байсан юм. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ. Тэрээр “2027 оноос хойш Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа огцруулж тогтворгүй байдал үүсгэдэггүй, аж ахуйн ажилд орж, төмөр зам барьж, мод тарьж, хүнсний хувьсгал хийдэггүй, ҮАБЗ нэрээр шууд гэрээ хийж, хонгилын түлхүүр эзэмшдэггүй, Ерөнхий сайдын томилгоонд хөндлөнгөөс ордоггүй, парламентаас сонгогддог байх ёстой гэж хүсч байна. Ард түмнээс сонгогддог цорын ганц байгууллага парламент байх ёстой. Энэ хууль батлагдвал хууль тогтоох засаглалаа прокурор гэх нэг крантаар гоожуулдаг байсан бол одоо Цэцээр гоожуулаад, Ёс зүйн дэд хороо, Улсын дээд шүүхээр гоожуулах юм байна. Ерөнхийлөгчид таалагддаг бол ёс зүйтэй, таалагдахгүй бол ёс зүйгүй болох юм байна” гэсэн.

Харин ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр “Л.Оюун-Эрдэнэ гишүүн бухимдалтай байх шиг байна. Та гэнэт сэрсэн юм шиг парламентын дархлаа гэж ярих эрхгүй. Та парламентын дархлаа гэж ярих ёс зүйгүй хүн гэж бодож байгаа. Та хамтарсан Засгийн газар байгуулах нэрийдлээр сөрөг хүчингүй болгож АН-ынхныг бүтээмжийн менежер нэрээр албан тушаалаар амыг нь барьсан. Парламент жинхэнэ дархлаагаа алдаж, өөрийнхөө эсрэг дуугарсан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарын гишүүдийг хар бэхийн хонгилоороо явуулсан гэдгийг би биш, энэ гишүүд чинь хэлсэн шүү” гэсэн юм.

Бас Төрийн ордонд нэгэн мэдээлэл яригдаж байна. Байнгын хорооны хуралдааны дараа бололтой, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Л.Оюун-Эрдэнийн өрөөнд халамцуу орж, “Бодь” болон Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр эсрэг байр суурьтай байгаад нь, мөн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орж ярьсан зүйлд нь дургүйцлээ илэрхийлж агсам тавьж нүүр рүү нь архи цацсан. Тэр үеэр маш ноцтой юмнууд яригдсан. Тэд барилцаж авч хүмүүс салгасан. Харин Л.Оюун-Эрдэнэ У.Отгонбаярын энэ үйлдэлтэй холбоотой өргөдлийг Халдашгүй байдлын дэд хороонд хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Тэгэхлээр энэ талаарх Л.Оюун-Эрдэнийн өргөдөл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Даваасүрэнгийн гарт очсон гэсэн үг.

Ө.БИЛЭГ

ӨДРИЙН СОНИН