"Үеэлүүдийн" улс төр дэх сүүлчийн өдрүүд
2 цагийн өмнө

"Ээж минь үхвэл би харамсахгүй. Энэ бол хорвоогийн жам. Харин мөнгөө алдвал би уйлах болно. Энэ миний мөнгө..." гэж нэг кинон дээр гардаг юм.
Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Даваадалай нар өнөөдөр яг ийм байдалтай байна.
Т.Даваадалай өнөөдөр УИХ-ын гишүүнд зодуулсан ч, олон түмэнд хараалгуулсан ч мишээж явна. Түүний нүүрэнд 2.3 их наядын инээмсэглэл тодорч явна. Үүний төлөө тэрээр Д.Энхтүвшинд бүү хэл иргэн бүрт хавируулсан ч аж жаргалтай мишээсээр байх болно.
Харин түүнийг яг одоо эрх мэдлээс нь унагавал тэр яг л "Лабубу"-гаа булаалгасан жаахан охин шиг чарлах болно.
Хотын мэр хотын иргэдэд хоёр сонголт өгөв. Нэг бол Туулын "хурдны зам"-ыг барих, үгүй бол "Намайг ал" гэв. Хотынхоо түгжрэлийн "эсрэг" амиа өгье гэсэн дэлхийн анхны мэр.
32-хон км замын төлөө үхнэ гэхээр амь нэг л хайран биш гэж үү? Гэхдээ "Хамгийн сайн коммунист бол үхсэн коммунист" гэдэг...
- 30 тэрбум!?
- Бага байнаа...
- 300 тэрбум!?
- Бодож үзье...
- За 2,3 их наяд!?!?
- Бор шидмэс аваад ир, Туулын бургас орьё...
Тэр үхлээс айхгүй байна. Харин Туулын "хурдны зам" зогсохоос үхтлээ айж байна. Эрүүл хүн бол үхлээс айдаг.
Chat GPT-гээс галзуурсан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг талаар асуутал "Өөртөө эсвэл бусдад хор хүргэж болзошгүй үйлдэл хийдэг" гэж байна. Айлын гадаа олон хүн дагуулж очив, иргэдийн эсрэг иргэдийг турхирав, өөрийгөө ал гэв. Бид чинь "Ажил хийж байгаа ганц хүн" гэж хөөргөсөөр байгаад хотынхоо даргыг жинхэнээсээ "алж" байгаа юм биш биз!?
Хотынхоо даргыг амраахгүй бол өөрийгөө ч, өрөөлийг ч алж мэдэхээр болсон байна.
Л.Оюун-Эрдэнэ огцорсон. "Туулын "хурдны зам"-аа л битгий зогсоогоорой" гэсэн ганцхан зүйлийг ганц л хүнд захив. Кино тэмдэглэлийн дэвтэр дээрх сүүлчийн кино тэмдэглэл "The Last of the Berkhs". Одоо түүний "Алсын хараа" 32-хон км-ээс цааш харахгүй байна. Хангарьд ордон түүний "The Last Castle". 2,3 их наяд бол түүний "The Last Chance". "Үеэлүүдийн" улс төр дэх сүүлчийн өдрүүд. Олон жил "төлөг", "данх"-аараа дуудуулсны "төлбөр"-өө авах сүүлчийн өдрүүд.
"Ганц сайн цадаж аваад гөвүүлье дээ" хэмээн жуумалзаж байна.
Улс төрчийг зодож уйлуулдаггүй. Улс төрчийг албан тушаалаас нь унагаж уйлуулдаг.
Сэтгүүлч Ч.Явуухүү
sonin.mn






