Өчигдөр Монголын оюун ухааны академийн Дорнод аймгийн тамирчид Улаанбаатар хотод Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод буцах үедээ Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт Дуутын даваа орчимд зам тээврийн осолд орсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор Боловсролын яамнаас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд осолтой холбоотойгоор Элсэлтийн шалгалт болон улсын хэмжээний батлагдсан шалгалт, бусад арга хэмжээнд хөдөөгийн сумын сурагчид цахимаар оролцдог болгох талаар дурджээ.

Мэдэгдэлд "Өчигдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр Дуутын даваа орчимд зам тээврийн осол гарч 6 хүн алтан амиа алджээ. Талийгаачдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Улаанбаатар хотод Оюун ухааны академиас зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явсан 29 хүүхэд суулгасан автобус авто ослын хөдөлгөөнд оролцогчоор шалгагдаж байна.

Эдгээр 29 хүүхэд эсэн мэнд, биеийн байдал хэвийн байгаа бөгөөд Жаргалтхаан сумын эмнэлгийн хяналтад байгаа талаар сургууулийн захирлаас бодитой мэдээлэл авлаа.

Автобусанд зорчиж явсан сурагчид, 3 багш, 4 эцэг эхийн төлөөллийг Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд түр байрлуулан хоол, ундаар хангаж, сумын эмнэлгээс анхны тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Дараагийн Элсэлтийн шалгалт болон улсын хэмжээний батлагдсан шалгалт, бусад арга хэмжээнд хөдөөгийн сумын сурагчид цахимаар оролцох боломжийг бүрэн хангахаар ажиллаж байна." гэжээ.