БНСУ-ын Сөүл зохион байгуулагдаж буй “Hangang Campus Song Festival 2026” олон улсын уралдааны шилдэг 15 оролцогчийн нэгээр Монгол Улсыг төлөөлж, Соёл урлагийн их сургуулийн дэргэдэх “Нар-Анир” хамтлаг үндэсний болон орчин үеийн хөгжмийн элементийг хослуулсан уран бүтээлээрээ оролцон шалгарч, финалын шатны шалгаруулалтад дөрөвдүгээр сарын 11-ний өдөр оролцох болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл дэлхийн олон орны нийт 189 хамтлаг оролцсон тус уралдааны шилдэг 5 хамтлагийн нэгээр “Нар-Анир” хамтлаг тодорч, финалын шатандаа шалгарчээ.

Тэд ирэх 05 дугаар сарын 02-ний өдөр БНСУ-ын Сөүл хотын “Jamwon Hangang Park”-д болох финалын шатны тайзнаа дахин өрсөлдөх бөгөөд тус шалгаруулалт нь “KBS” телевизээр дамжуулан олон улсад цацагдах юм байна.

Дашрамд танилцуулахад, “Нар-Анир” хамтлагийн ахлагчаар дуучин А.Ууганзаяа, хамтлагийн гишүүдээр морин хуурч, хөөмийч Б.Баярбаатар, хэл хуурч, бүжигчин Б.Батням, гитарчин, хөгжмийн найруулагч Д.Очсүрэн нар ажилладаг бөгөөд уран бүтээлийн чанар, шинэлэг хэв маяг, үндэсний өнгө аясыг орчин үеийн хөгжимтэй хослуулсан онцлогоороо ялгарч, цаашид дотоод, гадаадын тайзнаа Монголын хөгжмийн урлагийг сурталчлан таниулах зорилготой ажиллаж байгаа аж.

Ийнхүү бүх монголчуудаараа “Нар-Анир” хамтлагаа шилдгийн шилдэг хамтлагаар шалгарч, эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн ерөөл өргөе.