УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.16/ хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалтыг явууллаа. Өнгөрсөн долоо хоногт энэхүү санал хураалтыг явуулах байсан ч ирц хангалтгүйн улмаас АН-ын бүлэг ажлын нэг хоногийн завсарлага авснаар өнөөдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байдаг.

Дээрх хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж 66.7 хувийн саналаар дэмжсэн. Үүнээс хойш УИХ дахь АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл, Үндэсний эвсэл, ИЗНН-аас тус тус дээрх хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд буй. Харин Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулийг баталтал ажиллана гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Хэлэлцэхийг дэмжих эсэх" санал хураалт явуулахад 56.4 хувийн саналаар дэмжсэнээр хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.