Ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар Хөдөлмөрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас мэдээлэл өглөө.

Экспортыг дэмжиж, импортыг орлох 888 төслөөс 2 тэрбум төгрөгөөс бага санхүүжилт хүссэн төслүүдийн санхүүжилтийг Хөдөлмөрийн яамны харъяа ЖДҮХС-гаар дамжуулан олгохоор Засгийн газар энэ оны 6 дугаар сарын 3-ны өдөр шийдвэрлэсэн. Энэ зориулалтаар тус санд эхний ээлжинд 100 тэрбум төгрөг байршуулаад байгаа юм.

Зээл олголтыг хөнгөвчилсөн дээрх шийдвэрийн дагуу одоогийн байдлаар 37 аж ахуйн нэгжид 19,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоход бэлэн болсныг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Баттүвшин танилцуулав.

888 төслийн 600 орчим нь 2 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт хүссэн учир ЖДҮХС-гаар дамжуулан зээлээ авах аж. Үүний тулд Засгийн газраас шалгаруулсан төслүүдийн тоонд багтсан тухай тодорхойлолт бичгийг ЖДҮХС-гаас авч, өөрсдийн харилцдаг арилжааны банкиндаа зээлийн материал бүрдүүлэн өгөх учиртай. 888 төслийн жагсаалтанд багтсан аж ахуйн нэгжүүд Хөдөлмөрийн яамны 105 өрөөнд ирж тодорхойлолт гаргуулан аваад 8 дугаар сарын 30-ны дотор Зээлийн хорооны шийдвэрээ ЖДҮХС-д ирүүлэх хэрэгтэй гэлээ.

Түүнчлэн, барьцаа хөрөнгө хүрэхгүйгээс зээлээ авч чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг үзүүлэх боломжтойг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Санхүүгийн хэлтсийн дарга Ч.Цасчихэр мэдээллээ. Олгох зээлийн 60 хүртэлх хувьд, 250 сая төгрөгт багтаан Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах юм байна. Зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг хэрхэн авах талаар www.lgf.mn хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Х.Даваа