Улсын хилээр их хэмжээний мансууруулах бодис ачаандаа нууж оруулж ирэхийг завдсан үйлдлийг цагдаа, тагнуул, гаалийн байгууллагынхан хамтран илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүллээ.

Манай улсын иргэн Х гэх эмэгтэй энэ сарын 18-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-236 дугаартай нислэгээр ирэхдээ 417 гр сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлснийг илрүүлсэн талаараа гаалийн байгууллагаас өчигдөр мэдээлэв. Харин өмнөх өдөр нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албанаас “Цахилгаан барааны дотор нууж 431 гр мансууруулах бодис нэвтрүүлсэн нь 8600 хүн нэг удаа хэрэглэх хэмжээнийх” хэмээсэн юм.

НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1971 оны конвенцын II хавсралтад багтсан уг мансууруулах бодисыг “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсийн рентген шалгалтаар илрүүлсэн гэнэ. Уг бодисыг авчирсан эмэгтэй цагдаагийнханд “Юу авч яваагаа мэдэж байсан. Хар тамхи” хэмээн мэдүүлжээ.

Өдгөө түүнд Эрүүгийн хуулийн 20.7-3.3 дахь хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн” гэх заалтын дагуу хэрэг нээн шалгаж буй аж.

Ташрамд дурдахад, Нийслэлийн прокурорын газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой хэд хэдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснээс өнгөрсөн долоо хоногт 6-7 хэргийг хэлэлцэн шийдвэрлэж, шүүгдэгч нарт хорих, зорчих эрх хасах ял оноожээ.