Нийслэлийг нуранги болгож буй барилгын компаниуд бүтээн байгуулалт нэрэн дор бусармаг ажлаа үргэлжлүүлсээр байна. Хотын “А” зэрэглэлийн газарт тачаалддаг тэд ямар ч зэрэглэлгүй “амбаар” эвлүүлэхдээ гаршсан.

Улмаар байрных нь будагны үнэр сарниж амжаагүй байхад шал нь хонхойж, обой нь хуурч, мөөгөнцөрт идэгддэг нь шинэ байрны үнэн төрх. Тиймээс бид чанартай газарт чанаргүй барилга босгож, улсын үнэт өвийг уландаа тахалж буй барилгын компанийн шохойжсон төрхийг малтаж буй. Харин энэ удаад иргэдийн гомдол саналын дагуу Баянгол дүүргийн V хороонд баригдахаар зэхэж буй “Визард констракшн”-ы “булхайтай” газрыг сурвалжлав.

Өдгөө хотын төв гэхээр Сүхбаатарын талбай бодогддог 90-ээд он улиран оджээ. Хотын зурвас дотор л бол байрны үнэ тэнгэрт хадаж, иргэдийн халаасыг хэд дахин цөлмөөд байна. Ингэснээр их хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож бас оромцоглож буй барилгын компаниуд хотын газар дээр улам бүр шунахайрч, шулмын дүрээр ажиллах болов. Хамгийн хямд, төсөв аргаар баригдаж ирсэн барилгууд эхнээсээ тараа таниулж байхад дахин дахин баригдсаар байгаад иргэдийн итгэл алдарч эхэллээ. Үүний үнэн жишээ нь “Визард” гэх барилгын компани. Угтаа эл нэр дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг чихэнд хоногших хугацаанд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Гэсэн ч “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар”-т хүргүүлж байгаа гомдлууд бүгд эл газрын гайтайг “гайхуулж” байгаа аж. Сийрүүлбэл, Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар газраа ухчихаад байгаа Визардынхан гацаанд орсон байна. Учир нь тэдний онилсон газар “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн чанх урд бөгөөд тус дүүргийн оршин суугчдын байрнаас алга дарам зайтай аж. Тиймээс “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар”-аас “Визард Констракшн”-д албан тоот хүргүүлжээ. Эл албан тоотод “Баянгол дүүргийн V хорооны “Эрдмийн өргөө” цогцолборын урд талд танай баригдаж байгаа барилгын талаар иргэдийн гомдол их ирж байгаа тул иргэд оршин суугчидтай зөвшилцөн ажлаа эхлүүлэхийг шаардаж байна” гэжээ. Гэтэл Визардынхан зөвшилцөх байтугай хувийн машиныг нь авч шидээд зогсохгүй иргэдээр тохуурхаж, элдэв хараалаар доромжилсон удаатай аж. Тэд ухсан газар дээрээ 12 давхар 312 айлын гурван орцтой барилга сүндэрлүүлэхээр гэтэж байгаа бөгөөд хэрэв эл барилга босвол “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль болоод социализм үеийн чанар сайтай барилгууд мөнхийн харанхуйд дарлагдаж, байгалийн гэрлээр хомсдох аюулд унах юм. Түүнчлэн тухайн байр руу орох автомашины гарц байхгүй бөгөөд ганцхан байдаг шороон замын доогуур инженерийн шугам сүлжээ байрладаг учраас битүүлж цементлэх аргагүй аж. Гэтэл Визардынхан иргэдийн чихэн дээр цэцэг ургуулахаар санаархаж, автомашины зам талбай барина, ойр орчныг нь тохижуулна хэмээн ярьж байгаа гэнэ. Харин газар дээр нь очиж харахад байшингийн газраас илүүчлэх ямх газар ч олдсонгүй. Өөрөөр хэлбэл, тухайн барилга босвол хүүхдийн тоглоомын талбай болоод тухлаад суучих сандлаар дутна гэдэг нь ойлгомжтой харагдав.

Мөн Баянгол дүүрэг нь хүн амын нягтаршил ихтэй бөгөөд тухайн бүсдээ ганцхан сургууль, цэцэрлэгтэй аж. Тиймээс 312 айл дахин нэмэгдэх аваас наанадаж цэцэрлэг, сургуулийн хомсдол үүсэх нь баталгаатай. Гэтэл тус газарт барилга барих зөвшөөрлийг 2012 оны долдугаар сарын А/490 тоот захирамжаар 12 давхар орон сууцны барилга барихаар Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарсан байна. Түүнчлэн уг шийдвэрийг гаргахад нөлөөлсөн бас нэг хүчин зүйл нь “Эрдмийн өргөө” сургуулийн захирал аж. Тодруулбал, тус сургуулийн захирал болон тус газар дээр гарааштай иргэд уг компанитай гэрээ байгуулсан материалаа НИТХ-ын дарга н.Баттулгад ирүүлснээр Ерөнхий төлөвлөгөөний газрын Ерөнхий архитекторт дэмжиж ажиллах үүрэг өгчээ. Гэтэл тухайн байрыг бариулахгүй гэж байгаа иргэдийн хүүхдүүд тус сургуулийн сурагчид аж.

“БАЛГАС ШИГ ГАЗАР БАЙСНААС БАЙШИН БАЙСАН НЬ ДЭЭР”

Үүнээс бид тус сургуулийн захирал болоод сурагчдын эцэг эх эсрэг тэсрэг байр суурьтай байгааг тольдож болно. Харин тус сургуулийн захирал эл байрыг бариулж өөрийн сургууль болоод сурагчдын сурах орчныг хязгаарлах тодорхой шалтгаан байгаа аж. Энэ нь баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн сургуулийн захирал тус байрнаас 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн дагуу 40 айлын бага талбайтай байрыг авахаар тохиролцжээ. Бид энэ талаар тодруулахаар тус сургуулийн нийгмийн ажилтантай холбогдсон бөгөөд дээрх мэдээллийг үгүйсгэсэнгүй. Харин сургуулийн захирал н.Байгалмаа “Балгас шиг газар байснаас байшин байсан нь дээр” гэж хэлэв. Мөн тэрбээр “Би шалгуулдаг газраа шалгуулсан. Наад байр барих гээд байгаа газар чинь манай сургуультай огтоос хамаагүй. Наад газар чинь шээс баас болсон газар байсан. Манай сурагчид үргэлж цэвэрлэдэг. Гэмт хэрэг, дээрэм тонуул гардаг” гэв. Харин энэ талаар ойр орчмын иргэдээс тодруулахад, дийлэнх иргэд “Урьд нь хамгаалалттай машин зогсоол байсан. Түүнээс харанхуй булан тохой бол байхгүй. Харин одоо л шороо овоолоод балгас шиг болчихоод байна. Зай багатай газар заавал ингэж бужигнуулах хэрэггүй” гэлээ. Хэдийгээр эл байр босоход “Эрдмийн өргөө” сургуулиас оролцоогүй гэж үзсэн ч тухайн сургуулийн захирлын амнаас “байрны оронд, цэцэрлэг байсан бол” гэх боловсролын салбарын төлөө үг унасангүй. Харин ч сургуулийн чинь гэрлийг хаахгүй юу гэх асуултад ямар ч төвөггүй манай сургуульд хамаагүй гэх нь тэр. Янз нь тэрбээр олон зуун хүүхдийн сургуулийг өөрийнхөө тагттай эндүүрдэг бололтой. Сургуулийн захирал боллоо гээд сурагчдын гэрлийг булаах ёсгүй баймаар. Хэдийгээр сургуулийн хашаанд ороогүй байлаа ч суралцах орчныг үгүйрүүлж байгаагийн хувьд эл сургуулийн захирал Визард констракшны барилгатай хувь хүнийхээ үүднээс тэмцэх л ёстой хүний нэг баймаар. Гэтэл эрсдэлгүй орчны төлөө тэмцэж байгаа иргэдийг “Өөрсдийнхөө алдсан газрын төлөө манай сургуулиар түрий барьж байгаа хэдэн өвгөчүүл” гэх нь тэр шүү. Ийм байдлаар бид амьдрах орчноо тал талаасаа сэглүүлж байна. Өнгөрсөн жил барилгын ажлаа эхлэх гээд хүн дайрчихсан Визардынхан өнөө жил эргэн ирсэн нь энэ аж. Харин бид өнөөх сад тавина гэдэг шиг Визардын сад тавьсан парнуудыг нэхэн сурвалжлах болно.

 “NT” © А.Чилүгэн