Монголд валютын хямрал нүүрлэсэн үү
2014/07/29
Монголбанкны ханшийн мэдээлэлд өнөөдөр өглөө ам.доллар 1867, юань 302 төгрөг гэсэн тоо зурайж байх юм. Гэвч төр засаг нь валютын өсөлтийг тоож байгаа ч шинж алга.
Төв банк нь ч ханшийн бодлогоороо тогтоож чадахгүй болсон уу, ам.доллар, юанийн өсөлт өдөр ирэх тусам нэмэгддэг боллоо. Монголбанкнаас гаргадаг мөнгөний стастистик мэдээгээр 2014 оны зургаадугаар сарын эцэст гэхэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1825.74 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 379.6 төгрөгөөр суларсан байх юм. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаанд 400 орчим төгрөгөөр суларсан байгаа үзүүлэлт бий ч сүүлийн хоёр сарын хугацаанд ам.доллар 40 төгрөгөөр нэмэгдсэн учир энэ тоо баримт өөрчлөлттэй гарах нь тодорхой. Нөгөөтэйгүүр валютын ханшийн савалгаанаас болж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, эдийн засгийг ч хүнд байдалд оруулчихсан явдал бий. Харин ам.долларын ханш өссөнөөр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох талх, гурил, будааны үнэ зургаадугаар сард 1.9, мах, махан бүтээгдэхүүний үнэ 1.1, хүнсний ногоо 4.6 хувиар өсчихсөн байх юм.
Мөн бараа, үйлчилгээний үнэ 0.4, бөс бараа 1.1, агаарын тээврийн үйлчилгээний үнэ 9.3 хувиар өссөн гээд нэрлээд байвал олон зүйл байна. Нэг ёсондоо эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй. Харин ч хоёр дахин буурсан. Монгол Улс эдийн засгаараа дэлхийн толгой арван улсын тоонд багтдаг” гэж шүүмжилсэн хүн болгоны өөдөөс энэ үгийг хэлж байсныг мартаагүй.
Тэгвэл Монголбанкны гаргасан энэхүү судалгааг хараад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр юу бодож суудаг бол доо. Үнэхээр бараа, бүтээгдэхүүний үнэ хоёр дахин буурчихсан бол ч яах вэ. Харамсалтай нь улам өсч байгааг дээрх тоо баримт батлачихлаа. Н.Батбаяр сайдын сайрхаж байсан зүйлийг эргэн сануулахад, Монгол Улс эдийн засгаараа дэлхийн толгой арван улсын тоонд багтдаг бол өнөөдөр яагаад иргэдийнх нь амьдрал доройтож, худалдан авах чадаргүй болчихоод байна вэ гэж асуухад хүрч байгаа юм. Мөн эдийн засгийн хямрал Монголд нүүрлэх байсан уу. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөгүй, хоёр дахин буурсан нь үнэн бол ард түмэн яагаад тарчиг байна вэ. Хийрхэж, сайрхаж ярьдаг энэ үг нь түүнийг муу бүхний бай болчихлоо. Урт хэл хүзүү орооно гэгчээр одоо ч Н.Батбаяр сайд байж, суухаа олохгүй байгаа нь эргэлзээгүй.
Зочин · 2014/07/30
> >
Зочин · 2014/07/30