Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

УЛСТӨР: Төрийн түшээдүүд энэ 7 хоногт чуулгандаа сууж хэлэлцэх асуудлаа шийдвэрлэж явлаа. Харин өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал гэнэтхэн л махны үнэ 48 мянгад хүрсэнийг мэдэв. Энэ эрчээрээ Нийслэлийн удирдлагыг халаад хаячихлаа. Иргэдийн зүгээс хотын удирдлага нөөцийн махны асуудалд ямар холбоо хамааралтай болохыг бас ойлгохгүй байгаа аж. Угтаа бол хүнс хөдөө аж ахуйн яамтай л махны үнийн асуудал, нөөцийн махаа дутуу дулимаг бэлтгэсэн эсэхийг яримаар юм хэмээн гайхах иргэд олон байна. 

Тодруулбал,  Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг дээд шатныхаа даалгаврыг хангалтгүй биелүүлж, ард иргэдэд үнийн өсөлтийн дарамтыг мэдрүүлсэн үндэслэлээр чөлөөлж байгаагаа мэдэгдлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд махны үнийг зохиомлоор үүсгэсэн гэж Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг буруутган дээрх шийдвэрийг гаргаж байгаа аж. 

Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангахад зориулж өнгөрсөн жил нийслэлээс 8000 тонн нөөцийн мах бэлтгэж байсан бол өнөө жил 5000 тонныг бэлтгэсэн гэж байгаа ч 2400 тонн мах нийлүүлэгдээгүй. Нөөцийн махыг 600 цэгээр дамжуулан худалдаалж байгаа гэсэн ч цэгүүд дээр нөөцийн мах худалдаалаагүй.

Нийт есөн компани нөөцийн мах бэлтгэсэн ч хоёр компани нь нэг эзэнтэй зэрэг ноцтой асуудал хяналт шалгалтын шатанд илэрсэн байна. Иймээс Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг чөлөөлж байгаа аж.

Мөн Ерөнхий сайд Н.Учрал Тагнуул, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулж, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүх төсөл, тендерийг шалгахыг үүрэг болголоо. Төсөл хэрэгжүүлэх нэрээр хулгай хийж байна гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

НИЙГЭМ: 16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөж, нийгмийг цочроосон хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болж Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн хамжигчаар оролцсон нь тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Ц.Давгадоржийн бүх насаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын зарим хэсэгт зохих өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь иргэдийг ихээхэн бухимдуулав. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү бичвэрт талийгаачийн овгийг өөрөөр бичихийн зэрэгцээ өөр яруу найрагчдын бүтээлийн нэрийг оруулсан зэрэг бүдүүлэг алдаа олон давтагдсан явдалд олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандав. 

Ж.Алдаржавхлан “Дэндүү харамсмаар энгийн алдаа гаргасан. Хэний ч мэддэг шүлгүүдийг талийгаачийнх гэж бичсэн байсан. Ийм энгийн алдаа гаргасанд би бүүр гайхаад байна. Харамсаж байна. Итгэж чадахгүй байна.

Эмгэнэл бичсэн ажилтан маань яараад, дарга нартаа үзүүлэлгүй шууд гаргасан юм билээ. Би үнэхээр маш их гайхаж байна.

Гэхдээ би тийм алдаа гаргасан биш. Би ямар хамаатай юм” гэдэг хариулт өгсөн нь улам иргэдийг дургүйцлийг хүргэсэн. Зарим хэсэг нь хариуцлагаа ажилтандаа чихээд өөрөө суудалдаа үлдлээ огцор хэмээж буй юм.

ЭДИЙН ЗАСАГ: ҮНЭ ХАНШ: Нийслэлчүүд долоо хоног тутам 0.4 хувийн өсөлт шингэсэн өртөгтэй хүнс хэрэглэж байна

Улс орон даяараа тэнгэрт тулсан үнэтэй мах идэхээр болж байна. Манай улс 2025 оны дүнгээр манай улс 57 сая малтай гэж тоологджээ. 

Өмнөх сард инфляц 7.4 хувь байсан гэхээр даруй 3 нэгж хувиар өссөн байна.  Махны экспорт өмнөх оныхоос 10 хувиар өсжээ. 

Тавдугаар сарын 11-ний байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өнгөрсөн сарын мөн үеэс 3.8 хувиар өсжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд долоо хоног тутам 0.4 хувийн өсөлт шингэсэн өртөгтэй хүнс хэрэглэж байна гэсэн үг.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр үхрийн мах цул тавдугаар сарын 11-ний байдлаар нэг килограмм нь 35,848 байна. Энэ нь өнгөрсөн оны өдийгөөс 53.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. 

Харин хонины ястай махны үнэ кг нь 26 мянга давж өмнөх долоо хоногоос 0.6 хувиар, өнгөрсөн сараас 6.2 хувиар тус тус өсжээ. Тухайлбал, махны үнэ үхрийн ЯСТАЙ мах нэг килограмм нь 26000-35500, хонины ястай мах нэг килограмм нь 23000-30800, ямааны ястай мах 18000-21000, үхрийн ЦУЛ мах нэг килограмм нь 32880-38800, хонины цулм мах нэг килограмм нь 23980-30000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

СПОРТ: Өсвөрийн боксчид Азийн аваргаас 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын спортын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Уг санамж бичгийн хүрээнд өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл, сургуулилтыг зохион байгуулах чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлсэн юм.

Энэ хүрээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Есүхэйбаатар, Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзориг нарын удирдлага дор Монголын боксын өсвөр үеийн 15 тамирчин Узбекистан Улсад хамтарсан бэлтгэл сургуулилтад хамрагдаж, улмаар өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

Өсвөрийн боксчид Азийн аваргаас 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ

Тус тэмцээнээс Монголын баг тамирчид дараах амжилтыг үзүүлэв. Үүнд:

  • U15 насны ангилалд: Хөвгүүдийн 49 кг жинд Т.Кайсар — Хүрэл медаль
  • U17 насны ангилалд: – Хөвгүүдийн 50 кг жинд Ө.Сүлд — Мөнгөн медаль –
  • Охидын 48 кг жинд А.Мөнгөнзул — Хүрэл медаль
  • Охидын 50 кг жинд З.Аминхайр — Хүрэл медаль
  • Охидын 57 кг жинд Ч.Дагиймаа — Хүрэл медаль тус тус хүртээд байна.

Энэхүү амжилт нь Монгол, Узбекистаны спортын хамтын ажиллагааны бодит үр дүн болж буй бөгөөд өсвөр үеийн тамирчдын ур чадвар, олон улсын тэмцээнд өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

СОЁЛ УРЛАГ: Яруу найрагч Ш.Гүрбазарыг сүүлчийн замд нь үдлээ

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр /2026.05.15/ Улсын драмын эрдмийн театраас сүүлчийн замд нь үдлээ.

Уг ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулсан юм.

Ш.Гүрбазар нь 1955 онд Дорноговь аймгийн Иххэт суманд төржээ. Тэрээр Монголын соёл урлаг, утга зохиолын салбарт эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёл, хүн түүхийн сэдэвт олон зуун бүтээл туурвиж, түмэн олныхоо оюуны санд өргөсөн уран бүтээлч байлаа.

Яруу найрагч Ш.Гүрбазарын “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” хэмээх гурван чандмань бүтээлд нь  2022 онд Төрийн шагнал хүртээсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол сайхан эх орноо магтан дуулсан, хүүхэд залууст эх оронч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлсэн…” хэмээн онцлон тэмдэглэж, төр үнэлсэн байдаг.