Тайландын Ерөнхий сайд, хатагтай Йинлак Чинаватын айлчлал манайханд цаанаа л нэг дотно сэтгэгдэл төрүүлж байгаа бололтой, янз нь.

Интернэт ертөнцөд түүний гоо сайхныг магтан дуулах эр­чүүдийн шохоорхол эрээ цээрээгүй хөврөхтэй зэрэгцээд бүсгүйчүүд ч магтаалаа харамласангүй.

Улстөрч бүсгүйчүүдийн хувцаслалт гэхээр л хар бараан өнгийн хослол, хайш яаш алхаа энэ тэрээр төсөөлөөд сурчихсан болохоор арга ч үгүй биз. Мэдээж иймэрхүү төсөөлөл дунд энэ удаагийн УИХ-д суугаа хэсэг бүлэг бүсгүй өнгө нэмж буйг энд дурдамгүй бол болохгүй нь. Өөрсдийн бүсгүйчүүдийн гоо сайхныг умартаж, өрөөлийн өнгө зүсийг магтаад байгаа эрчүүдэд зориулаад хэлэхэд шүү дээ.

Гэхдээ түүний гоо сайхны тухай магтаалыг энэ хүргэж өндөрлөөд эрхэмсэг хатагтайн өмнө Монголын ардчилагчид ямар их буян хийснийг эргэн сануулахыг чухалчлав.

Тэрбээр Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинаватын төрсөн дүү. Ах нь 2006 онд Тайландад болсон төрийн эргэлтээр Ерөнхий сайдын суудлаасаа хөөгдсөн нэгэн. Улмаар 2008 онд эх орноосоо зугтаж, Англид улс төрийн орогнол хүссэн удаатай. Харин түүний хүсэлтэд англичууд татгалзсан хариу өгснөөр тэрбээр нэг хэсэгтээ ор сураггүй алга болж, Интерполоор эрэн сурвалжлагдахдаа тулсан юм. Гол нь түүний эх орноосоо зугтах болсон үндэслэл нь тун ярвигтай. Засгийн эрхийг дангаар барихыг чухалчилсан гэх буруутгал ердөө л эхний үндэслэл. Үүнээс цааш сонгуулийн луйвар, хээл хахуул гэх мэт олон гэм түүний нэр дээр бичигддэг. Тэр бүхнээс нь болж Тайландын сөрөг хүчнийхэн Таксин Чинаватыг баривчилж, ял асуухаар болох үед тэрбээр эх орноосоо зугтан гарсан юм. Ингэж эх орон ч үгүй, Англид бүгэх ч эрхгүй болсон түүнийг тосч авсан сайн санаат ганц орон бол Монгол. Тэр дундаа Монголын ардчилагчид.

Тухайн үед түүнийг “Монголд орогнож байна” гэх мэдээлэл гарахтай зэрэгцээд хууль, хүчний байгууллагаас баахан үгүйсгэлийг хэвлэлээр өгсөн байдаг. Гэсэн ч их удалгүй Таксин Чинават өөрийн биеэр олны өмнө ил гарч ирэн буддын шашны арга хэмжээнд гэгээн цагаан өдөр оролцсон удаатай. “Гайхмаар” гэмээр түүний Монголд эдэлсэн энэхүү эрх чөлөөний хөшүүрэг нь монголчууд. Тэр дундаа Ардчилсан намын нөлөө бүхий улстөрчид хамгаалалтдаа авсан гэдэг явдал. Хамгийн сонирхолтой нь түүнийг ийнхүү хамгаалах ач холбогдол нь юу болохыг асууж тодруулахад ердөө л “Мөнгө” гэсэн хариулт гарч байсан юм.

Учир нь тэдний гэр бүл Тайландын үүрэн телефоны зах зээлийг 20 жилийн турш дангаар эзэгнэсэн түүхтэй. Гэхдээ энэ салбар бол ердөө л тус гэр бүлийн нэг даль жигүүр нь бөгөөд улс төр, бизнесийг холбосон гайхалтай том сүлжээг бий болгож чадсан гэгддэг. Энэ нь тус улсын сөрөг хүчнийхний дургүйцлийг төрүүлсэн бол манайхны талархлыг хүлээх үндэс болсон юм. Тэр ч бүү хэл тэрбээр Монголд байх хугацаандаа Японы парламентын төлөөлөгчдийн танхимын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Сузуки Мунэо гэгчтэй уулзаж, улс төрийн дэмжлэг хүссэн гэх яриа ч гарч байв. Үүнд нь нөгөө л Ардчилсан намын нэр бүхий лидерүүд зуучлалын үүрэг гүйцэтгэсэн гэж байгаа.

Тэгэхээр хатагтай Йинлак Чинаватын энэ удаагийн айлчлал албан шугамаар төдийгүй амин хувиар ч гэсэн ардчиллынханд талархал илэрхийлэхэд оршиж байж болох. Очих газаргүй, оочих аягагүй болчихсон ахыг нь дэлхийн нүднээс нууж, тайландчуудаас өмгөөлж, хамгаалж байсныг нь бодвол шүү дээ. Гол нь тухайн үедээ түүнийг ингэж өмгөөлж, хамгаалж хорогдуулснаараа Монгол Улс дэлхийд муухай харагдах нэг үндэс болж байсан юм. Эх орноосоо хөөгдөж, эх захгүй авлигын хэрэгт нэр холбогдчихоод байсан хүнийг авран хамгаална гэдэг яаж ч бодсон сайн хэрэг байх билээ дээ.

Иймд Ардчилсан намын байгуулсан шинэчлэлийн Засгийн газар Йинлак Чинаватаас ихийг нэхэхэд буруудах зүйл үгүй байх. Гэхдээ мэдээж хоёр улсын харилцааг чухалчилж үзнэ үү гэхээс учиргүй “Ахыг чинь аварсан юм чинь” гээд өр нэхэх нь хаашаа л юм. Гэхдээ л яагаад асуудлыг сөхөж болохгүй гэж. “Ах чинь” гэж ирээд л...

 

Г.Отгонжаргал