МУГЖ Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлын түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томиллоо
15 цагийн өмнө

МУГЖ Д.Алтанхуяг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын захирлаар эгүүлэн томилогдлоо.

Энэ томилгоо Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны хоёрдугаар сарын шийдвэрт үндэслэжээ.
Учир нь Д.Алтанхуяг 2024 оны 10 дугаар сард тухайн үеийн Соёлын сайд Ч.Номингийн Б/15 тоот тушаалаар УДБЭТ-ын захирлаар сонгон шалгаруулалтгүйгээр түр томилогдсон байдаг. Харин удалгүй шинэ жилийн арга хэмжээ тэмэглэхдээ театрын барилгыг зохисгүй ашиглаж, замбараагүй байдал үүсгэсэн маргаанаар дараагийн сайд Ч.Ундрамын тушаалаар чөлөөлөгдсөн.
Энэ шийдвэрийг хууль бус хэмээн Захиргааны хэргийн шүүхэд өгч, шийдвэр гарсны дараа "Монголын шүүх үнэн зөв, шударга шийдвэр гаргалаа. Үнэн эрт, орой нь хамаагүй хэзээд ЗӨВ байдаг" хэмээн хэлж байлаа.
Анхны томилгоо нь шалгаруулалтын дүнд биш, түр томилгоо хэлбэрээр хийгдсэн байсан тул шүүхийн шийдвэрийн дараах энэ удаагийн томилгоо мөн "түр орлон гүйцэтгэгч" хэлбэрт хэвээр гарчээ.
Өөрөөр хэлбэл, байнгын захирлаар томилогдохын тулд яамнаас нээлттэй сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай хэвээр гэсэн үг юм.
Тэрбээр дэлхийн шилдэг найман балетчны нэг болж, уран бүтээлчийнхээ хувьд улсынхаа нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд таниулж чадсан нэгэн. Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын болон АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, “Ла Скала” болон Японы "Комаки балет" компанийн хүндэт бүжигчин.
1993-2000 онд Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид суралцан төгссөн тэрбээр 2000 онд АНУ-ын бүжгийн жүжигчдийн сургууль (School of America Ballet)-д суралцалцжээ. Сургуулиа төгссөнийхөө дараа эх орондоо ирж, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчнээр ажиллан, 2002 онд Япон улсын "Асами Маки", "Комаки балет" компанийн бүжигчнээр, 2003 оноос XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй хамтран, 2007 оноос АНУ-ын "Бостон балет" компанид ажиллаж эхэлсэн байна. 2010 оноос Монголын балетын хөгжил санг байгуулж, тэргүүнээр ажиллаж буй юм.






