Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Таван тансаг” нэртэй мөрийтэй тоглоомын клуб байгуулан, цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэргийг илрүүлэн шалгаж дууссан байна.

Тодруулбал, шалгалтын явцад Т.Ж нь “Таван тансаг” нэртэй клуб байгуулж, С.Х болон бусад гурван хүний хамт бүлэглэн үйл ажиллагаа явуулсан бөгөөд тэдгээрийн үүрэг, оролцоог хуваарилан мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан нь тогтоогджээ.

Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна.

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт олон нийтийн газар эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан тохиолдолд 450-14 мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байдаг.

Хууль хяналтын байгууллагын зүгээс иргэдийг цахим орчин дахь хууль бус мөрийтэй тоглоомд оролцохгүй байх, мөн ийм төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх нь эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болдог талаар анхааруулж байна.