С.Баярцогт албан тушаалаасаа огцорч дэд даргын суудал эзгүйрэв. Энэ сэнтийг АН дотроо олон кноптой “Алтан гадас”-ын “өмч” гэдгийг нь учир мэдэх хүмүүс хуучилж байна.

Иймээс Н.Алтанхуягийн ойрын хүн эл суудалд тухалж, эрх ямба эдлэх болно гэсэн урьдчилсан дүгнэлтийг боловсруулаад буй юм. Иймээс Г.Батхүүг УИХ-ын дэд даргад нахина гэх мессеж тархаад байгаа билээ. Гэвч нам доторх эрхмүүд нь төдийгүй хөндлөнгийн ажиглагчид үүнд ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа гэнэ. Өвөрхангайн иргэдийн олонхийн саналыг авч, шулуун шугамаар парламентын босго алхаагүй атал УИХ-ын дэд даргад санаархлаа хэмээн битүүхэн зэмлэж эхэлсэн аж.

Г.Батхүүгийн хувьд хоёр намын ханцуйн доторх наймаалцлын ачаар парламентын босго алхсан гэж тодотгож болохуйц нэгэн. Өвөрхангайн тойргийн маргааныг шийдвэрлэхийн тулд МАН, АН хоёр нэг нэгээр тохиролцсон байдаг. Гэвч эрх баригчид Г.Батхүүг тангараг өргүүлсний дараа хэлсэн үгнээсээ буцсан тухай МАН-ын дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн өмнө мэдэгдэж байсан удаатай. Ингэж ар, өврийн хаалга онгойлгож орж ирсэн тэрбээр намынхандаа шоовдорлогдож, ихэд ганцаардах болсон тухай зарим хүн цайны хачир хийх нь бий. Ямартаа л МАН руу хөрвөх тухай зарим хүнд хэлээд амжсан гэлцдэг.

Гэвч Н.Алтанхуягтай аргамжаатай “Алтан гадас”- аасаа тийм ч хялбархан мултарчихаж дөнгөөгүй бололтой юм. Гэхдээ энэ удаад түүнд тушаал ахих боломж олдох нь юу л бол. Г.Батхүүд далаараа тавиулж, хууртсан ах намынхан зүгээр суухыг хүсэхгүй.

Н.Алтанхуягийн ойрын хүмүүсийг ангуучилж буй Н.Номтойбаяр гишүүн Г.Батхүүгийн ар, өврийг бага багаар “нээгээд” эхэлсэн гэнэ лээ. 17 тэрбумын тендерийн хэргийн мөрөөр мөшгөхдөө Тавантолгойн ТУЗ-д Л.Гантөмөр сайдын дүү Л.Ганболд, Батж.Батбаярын хүү Батбилэг Г.Батхүүгийн хүү Г.Ганхүлэг, Г.Дэнзэнгийн төрсөн эгч Одонгэрэл нар үүрээ засаж, өндөглөсөн байсныг нь илрүүлсэн тухайгаа цухалзуулсан удаатай. УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн хүү Ганхүлэг тээврийн албаны дарга гэнэ. Ах, дүү, амраг садангаа булан тохой бүрт чихэж, хууль бус “ажиллагаа” явуулж буй баримтыг нь эрхэм түшээ цахим хуудсаар дамжуулан нэг бүрчлэн нийтэд дэлгэх гэнэ лээ. Тэгэхээр магадгүй дараагийнх нь Г.Батхүү, түүний хүүгийн томилгооны асуудал байх бололтой. Иймээс Г.Батхүү УИХ-ын дэд даргад нахина гэвэл олон бэрхшээлийг даван туулах шаардлагатай болох нь.

Энэ бүхнийг урьдчилан таамагласан эрх баригчид Г.Батхүүг хойш тавьж, эзгүй суудалдаа хэд хэдэн хүнийг өрсөлдүүлж эхэлжээ. Тэдний нэг нь Р.Амаржаргал. Албан тушаалын хуваарилалтаас амтлаагүй үлдсэн тэрбээр нам доторх цөөнх гэдгээ зарлаж, сөрөг хүчний байр сууринаас хандах болсон юм. Иймээс амыг нь таглаж, ирэх өдрүүдэд чимээгүй байлгахын тулд дэд даргын суудлыг түүнд өгөх магадлал өндөр байгаа гэнэ. Алхам тутамдаа Н.Алтанхуягийн амлалтуудыг сануулж, үг, үйлдэл бүрийг нь цэгнэж, намын шинэчлэлийн талаар чанга дуугарах болсон нь аюул ойрхон байгааг илтгэх шиг. Иймээс хаврын чуулганаар Н.Алтанхуягийн асуудал дахин орвол эсрэг кноп дарж мэдэх нөхөр хэмээн “Алтан гадас”- ынхан таамаглаж, дарж авах арга ухаан сийлсэн нь энэ.

Гэтэл УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгээс УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн нэрийг өргөн бариад буй. Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж буй түүнийг УИХ-ын дэд даргад тохирно хэмээн бүсгүйчүүд дүгнэсэн юм байх. Үнэндээ ч Орон нутгийн болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн голыг нь нугалж, эрх баригчдад ашигтай олон хувилбарыг оруулж өгснийг нь намынхан нь үнэлж, дүгнэх цаг болсон. Нөгөөтэйгүүр, Увс аймгийн тойргийн маргааны асуудлаар ганцаараа чанга дуугарч, МАН-ын хоёр гишүүний үнэмлэхийг хууль бус гэж хэвлэл мэдээллээр мэдэгдэж байсан нь тэр. Парламентад хөл тавьснаасаа хойших наймхан сарын хугацаанд энэ намын төлөө тууштай хүчин зүтгэсэн түүнд энэ зэргийн эрх ямба эдлэх боломж бий хэмээн нам доторх бүсгүйчүүд нь тооцоолсон бололтой. Уг нь мэдлэг боловсролынх нь хувьд М.Батчимэг гишүүнийг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон ч нам доторх тэрслүү хэмээн нөхөд нь үл тоомсорлосон сурагтай. Ам нээх бүртээ АН-ыг муухай харагдуулж, шинэчлэл гэж чанга дуугарах болсон нь партизануудад таалагдсангүй. Ямартаа л түүнийг намын нэрээр орж ирчихээд том дуугарлаа хэмээн зэмлэж, эргүүлэн татах асуудлыг хөндөх тухай яриа нам дотор өрнөсөн удаатай. Энэ мэтчилэн олон хүн энэ суудлын төлөө Н.Алтанхуягт тал засаж эхэллээ. “Алтан гадас”-т хуваарилагдсан дэд даргын суудал энэ удаад бусдын арааны шүлсийг асгаруулж, зарим нэгний ундуйцлыг хүргэж, АН доторх хуучийг сэдрээлээ.

Юутай ч АН албан ёсоор хэнийг УИХ-ын дэд дарга болгохоо хэлэлцэж, УИХ-д өргөн барих учиртай. УИХ-ын дэд дарга бол даргын зөвлөлд намаа төлөөлөн орж, УИХ-ын даргыг эзгүйд чуулганы нэгдсэн хуралдааныг даргалан явуулах үүрэгтэй албан тушаал юм.

Д.ДОРЖ