Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ.  Байнгын хорооны хуралд хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулав. Хуралдаанаас тоймлон хүргэе.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:

-Одоогийн эрх зүйн зохицуулалтаар төрийн нууцын жагсаалтыг Засгийн газар баталдаг бол цаашид ард түмнээс сонгогдсон төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал баталдаг эрх зүйн үндэс бүрдэнэ. Шинэ зохицуулалтын хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтан, дэд бүтцийн томоохон төсөл болон бусад мэдээллийг үндэслэлгүйгээр төрийн нууцад хамааруулдаг байдлыг таслан зогсоож, авлига, албан тушаалын гэмт хэрэг гарах нөхцөл мөн буурна.  Мөн төрийн үйл ажиллагааны ил тод байдал нэмэгдэж, иргэдийн төрд итгэх итгэл бэхэжнэ гэж үзэж байна. Түүнчлэн албаны нууцад хамаарч буй 882 мэдээллийг ил болгож, төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын мэдээллийг олон нийтэд нээлттэй болно. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан, төр болон түүний байгууллагаас хуульд зааснаас бусад асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэдийн эрхийг хангах нөхцөл бүрдэнэ.  Мөн Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан салбар байгууллагын хэмжээнд төрийн нууцад хамаарах 574 мэдээллийн тоо 200 болж буурна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

-Төрийн болон албаны нууцын халхавч дор авлига, албан тушаалын хэрэг нуугдах ёсгүй. Засгийн газар байгуулагдаад 100 хоногт дөхөж байна.  Өмнө нь  өөрөө “Халуухан хавар болно” гэж мэдэгдэж байсан нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, нууцын нэрийн дор халхавчлагдсан асуудлуудыг ил болгож, хариуцлага тооцох алхмууд хийгдэх байх гэсэн хүлээлт төрүүлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар энэ чиглэлд бодит үр дүн хангалтгүй байгаа нь иргэдийн хүлээлтэд хүрэхгүй байна. Авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэхгүй, хууль бус үйлдлүүдэд хариуцлага тооцохгүй байгаа нь эцсийн дүндээ ард иргэдийг хохироож байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц хоёр оронтой тоонд хүрсэн нь авлига, албан тушаалын асуудал, мэдээллийн хаалттай байдалтай тодорхой хэмжээнд холбоотой. Харбины гэрээтэй холбоотой мэдээллийн тодорхой хэсэг өнөөдөр хүртэл нууцын зэрэглэлд байгаа бөгөөд уг асуудал нүүрсний үнэ болон улсын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн. Мөн “ногоон автобус”-ны хэрэгт холбоотой зарим гэрээ, баримт бичиг тухайн үедээ нууцын зэрэглэлтэй байсан нь асуудлыг олон нийтээс далд байлгах нөхцөл болсон. Тиймээс төрийн болон албаны нууцын хүрээг хумьж, үндэслэлгүйгээр нууцалсан мэдээллийг ил тод болгохын зэрэгцээ хууль зөрчсөн албан тушаалтнуудад бодит хариуцлага тооцдог тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:

 -Нэг талаасаа улс төрийн, нөгөө талаасаа хууль зүйн шинжтэй асуулт асууж байна. Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдаж хэрэгжээд 10 жил болжээ. Энэ хугацаанд байгууллагын нууцад мэдээлэл хамааруулах асуудлыг тухайн салбар хариуцсан сайд, агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирал өөрийн үзэмжээр шийдэж, нууцын тамга дардаг байсан. Ингэснээр сүүлийн 10 жилийн хугацаанд иргэдийн мэдэх эрхийг хязгаарласан олон асуудал гарсан. Нөгөө талаас авлига, хулгайн шинжтэй үйлдлүүдийг нууцын тамганы цаана халхалж, иргэдийн мэдэх эрхийг хааж байсан нь өнөөдөр олон баримтаар нотлогдож байна. Энэ асуудлыг ил болгохын төлөө Ганбат гишүүн бид хоёр ч нэлээдгүй хугацаанд ажилласан. Хөгжлийн банк, нүүрсний сонсголын үеэр олон гэрээ хэлцэл, асуудлыг ил тод болгож байсан. Нүүрсний асуудал дээр холбогдсон хүмүүс маш хүчтэй эсэргүүцэж байсан. Гэвч олон асуудал илэрч, 20 сая ам.долларын байр савтай холбоотой асуудал, нүүрс болон бор тээгийн хулгай зэрэг олон хэрэг баримтаар нотлогдон хууль, шүүхийн байгууллагад шилжсэн. Үүнтэй холбоотойгоор амь тэмцэж, очих газаргүй болсон хүмүүс Хууль зүйн сайдыг ямар ч үнээр хамаагүй гүтгэж, нэр төрд нь халдаж, албан тушаалаас нь зайлуулах ажиллагаа явуулсан гэж би харж байгаа. Энэ ажиллагаанд манай О.Цогтгэрэл дарга мэдээд оролцсон уу, мэдэлгүй оролцсон уу, эсвэл зүгээр л нэр нь холбогдоод явж байна уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Хөгжлийн, дэд бүтцийн том төслүүдийн худалдан авалтыг нууц хэлбэрээр хийхийг хуулиар шууд хориглож байгаа. Туулын хурдны зам тэр чигээрээ гэмт. Том төслийн ард том хулгай байна гэдэг нь өдөр тутам харагдаж байгаа” гэлээ.

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 109 (7851)