Иргэн Б.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ (амьсгал дахь спиртийн агууламж 1,87%) тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. Цагдаа түүнийг зогсоож тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг тогтоохоор регистрийн дугаарыг асуух үед өөрийн төрсөн ах Л.Г-ийн регистрийн дугаарыг хэлжээ.

Болсон үйл явдлын тухай тэрбээр “Би тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан, энэ хугацаа дуусаагүй байсан. Иймд цагдаа зогсоох үед сандарсандаа автомашин дотор төрсөн ах болох Л.Г-ийн гадаад паспорт байхаар нь регистрийг нь хараад хэлчихсэн” гэж мэдүүлсэн байна.  

Бусдын регистрийн дугаар дахин давтагдашгүй бөгөөд тухайн хүний шууд болон шууд бусаар тодорхойлох мэдээлэлд хамаардаг. Иргэн Б.А-ийн дээрх үйлдлийг Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэж үзэх үндэслэл болжээ.   

Шүүхээс түүнийг “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцов. Улмаар:

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3,000 000 төгрөгөөр торгох ял,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 000 төгрөгөөр торгох ялаар,
  • Нийт торгох ялыг 4,350,000 төгрөгөөр тогтоожээ.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.11-т "хүний хувийн мэдээлэл" гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжгүй бусад мэдээллийг ойлгохоор хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйл. Хувь хүний нууцыг задруулах

1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

27.10 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх