Говь-Алтайн Засаг дарга Г.Чинбат ААН-ийн өр төлбөрийг барагдуулаагүйгээс болж ирэх өвөл аймгийн төв бүхэлдээ хөлдөх эрсдэл нүүрлэжээ
1 цагийн өмнө

“Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймагт “Хууль засаглах биш, хэдхэн хүний үг хууль болсон хаанчлал тогтчихлоо” гэж орон нутгийн иргэд халаглан ярьцгааж байна. Тэнд эрх мэдэл, албан тушаал хэрхэн ноёлж, хувийн хэвшлийг хааж боодог тухай мэдээлэл бидэнд орон нутгаас олонтаа ирж байв. Эх сурвалжуудаас ирүүлсэн мэдээллүүдээс “Мандал голомт” ХХК-ийг төр хэрхэн дарамталж буй кейс анхаарал татав. Орон нутгийн 80 хувийг дулааны эрчим хүчээр хангадаг тус компанид үүссэн асуудлын талаар өмнө бид мэдээлсэн. Тэгвэл энэхүү нийтлэлийн мөрөөр “Мандал голомт” компанийн гүйцэтгэх захирал С.Дарамдадтай холбогдож, болсон процедурыг тодрууллаа.
-Говь-Алтай аймгийн 80 хувийг дулааны эрчим хүчээр хангадаг танай компани өнөөдрийг хүртэл орон нутагт цахилгаан дулаан нийлүүлсэн төлбөрөө авч чадахгүй байгаа гэх мэдээлэл байна. Хэдий хэмжээний авлага үүссэн бэ. Энэ нь байгууллагын үйл ажиллагаанд яаж нөлөөлж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар нийт 1.701.663.590 төгрөгийн авлага үүссэн байна. Аймгийн ЗДТГазраар санхүүжилт нь дамждаг байгууллагуудаас 872.870.303 төгрөг, Есөнбулаг сумын ЗДТГазрын харьяа сургууль цэцэрлэгүүдээс 828.793.287 төгрөгийн авлагатай байна. Авлага барагдаагүйгээс болж ажилчдын цалин хөлс хугацаандаа тавигдахгүй, нийгмийн асуудал шийдэгдэхгүй, байгууллагын үйл ажиллагаа доголдож татвар, НДШ, АУЦТСүлжээ, өр төлбөр үүсч байгууллагын дансыг хааж үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
-Аймгийн Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд танай төлбөрийг шийдэх эрх бүхий албан тушаалтан биз дээ. Дээд шатны байгууллага буюу ЭХЯ, ЭХЗХ-д энэ асуудлаар хандсан ч шийдэгдэхгүй байна гэж үү?
-ЭХЯ болон ЭХЗХороонд удаа дараа албан тоотоор хандсан 2025 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 01/124 дугаар тоотоор Эрчим хүчний зохицуулах хороо нь аймгийн Засаг дарга Г.Чинбат-д “Мандал голомт” ХХК-ийн 2025 онд батлагдсан үнэ тарифыг мөрдөж ажиллах, мөн халаалтын төлбөр тооцоог барагдуулах арга хэмжээ авах талаар албан бичиг хүргүүлсэн боловч арга хэмжээ авч ажиллахгүй байгаа.
-Тэгвэл Говь-Алтай аймгийн удирдлагууд танай компанийн үйл ажиллагаанд зориудаар саад учруулсан гэж үзэх үндэслэлтэй юм байна. Орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөх, эвлэрлийн байдлаар асуудлыг шийдэх оролдлого хийсэн үү?
-Аймгийн засаг даргатай уулзаж завшилцөх гэж удаа дараа олон удаа оролдлого хийсэн. Гэвч биднийг тоож хүлээж аваагүй. Албан тоотоор олон удаа хандсан боловч хариу огт хүргүүлдэггүй. Яагаад халаалтын төлбөрийг шилжүүлэхгүй байгаа талаар асуухаар Сангийн яамнааас мөнгө тавигдаагүй гэсэн хариулт л өгдөг. Халаалтын тариф нэмэгдсэнийг бол танайхыг мөрдөх боломжгүй гэсэн хариулт бас 2025 онд өгч байсан.
-Хэрэв энэ асуудал шийдэгдэхгүй бол ирэх өвөл дулаан хангамжид бодит ямар эрсдэл үүсэх вэ?
-Зуны үед хийгддэг засвар үйлчилгээ хугацаандаа хийгдэхгүй, бараа материалын татан авалт удааширч байгаа нь өвлийн оргил ачаалалын үед ямар нэгэн гэмтэл сааталд орж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Тэгвэл аймгийн төвийн 80 гаруй хувийн хэрэглэгч халаалтгүй болж хөлдөх эрсдэлд орно. Үүнээс гарсан хохирол хариуцлагыг манай байгууллага хариуцах уу, эсвэл аймгийн засаг дарга Г.Чинбат хариуцах уу гэдэг асуулттай тулгарах байх даа.
-Шүүхийн шийдвэр танай талд гарсан гэж байна. Яг ямар шийдвэрүүд гарсан, аль шатны шүүх эцэслэн тогтоосон бэ?
-Байгууллагыг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхийн шийдвэрээр халаалтын үндсэн төлбөр тооцоог барагдуулах ба халаалтын төлбөрийг тариф нэмэгдсэнээр тооцох шйидвэр гарсан. Харин төлбөр тооцоо төлөөгүйгээс алданги тооцсон бөгөөд алдангийг хэрэгсэхгүй болгосон.
-Танай компани 15.2 км дулааны шугам сүлжээг өмчлөх эрхтэй гэдгээ ямар баримт, гэрээ, шүүхийн шийдвэрээр нотолж байгаа вэ. Азийн хөгжлийн банкны зээлээр хийгдсэн дэд бүтцийг хувьчлалын хүрээнд шилжүүлэн авсан гэл үү. Тэр үеийн өмчлөл шилжүүлсэн шийдвэр, гэрээ өнөөдөр хууль зүйн хувьд бүрэн хүчин төгөлдөр байгаа юу?
- Манай байгууллага 2006 онд Аймгийн ЗДТГазартай“ АЙМГИЙН ТӨВИЙН ХАЛААЛТЫН СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУЛААН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТУХАЙ” гэрээ байгуулснаар Дулааны эх үүсвэрүүдийг нэгтгэх болон дулааны үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх өндөр хүчин чадалтай зуух авчирч суурилуулах, гадна дулааны шугам сүлжээг өргөтгөл шинэчлэлийн ажил хийж халаалт дулаанаар хангах гэрээ байгуулсан. Бид гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж өндөр хүчин чадалтай зуух авчирч суурилуулсан, дулааны шугам сүлжээг Азийн хөгжлийн банкнаас зээл авч шинэчилсэн зэрэг ажил хийсэн.
“Батлагдсан тарифыг мөрдөхгүй байгаа тохиолдолд хангагч байгууллага хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хэрэглэгчийн дулааны эрчим хүчийг түдгэлзүүлэх болон шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй” гэв.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс албаны эх сурвалжтай холбогдож, байр суурийг нь авлаа. ЭХЗХ-ны Үнэ, тарифын газрын мэргэжилтэн У.Цолмонгоос дараахь тодруулгыг авав.
-Говь-Алтай аймгийн 80 хувийг дулаан, эрчим хүчээр хангадаг “Мандал голомт ” компани санхүүгийн хүнд байдалд орж, ирэх өвлийн үйл ажиллагаанд нь эрсдэл үүсч болзошгүй гэсэн мэдээлэл байна. Учир нь тус компани орон нутагт дулаан, эрчим хүч нийлүүлсэн төлбөрөө авч чадахгүй өдий хүрчээ. Тэдний авлага хэдэн тэрбумаар хэмжигдэж байгаа гэнэ. ЭХЗХ-нд энэ тухай гомдол ирсэн үү?
-“Мандал голомт” ХХК 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Аймгийн ЗДТГ-аас санхүүждэг төсөвт байгууллагуудаас авах авлага 1,182.9 мянган төгрөг, Есөнбулаг сумын ЗДТГ-аас санхүүждэг байгууллагуудаас авах авлага 455.9 мянган төгрөг, төсөвт байгууллагуудаас авах нийт авлагын хэмжээ 1.638.9 мянган төгрөг байгаа талаар 2025 оны 12 дугаар сарын 30- ны өдрийн 366 дугаар албан бичгийг ирүүлсэн.
- “Мандал голомт” компанийнхны ярьж байгаагаар төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн удирдлага санаатайгаар төлбөрийг нь барагдуулахгүй байгаа гэх юм. Энэ ямар учиртай юм бэ. ЭХЗХ-ноос аймгийн удирдлагуудад аж ахуйн нэгжийн төлбөрийг барагдуулахыг анхааруулсан уу?
-Хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой үүссэн маргаан. Эрчим хүчний зохицуулах хорооноос Говь- Алтай аймгийн засаг даргад Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг болон 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг хэрэгжүүлэн Зохицуулах хорооноос баталсан үнэ тарифыг дагаж мөрдөх талаар 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/1007 дугаар албан бичгийг хүргүүлсэн.
-Танайхаас “Мандал голомт” компанийн тарифыг шинэчлэн баталсан гэсэн. Үүнийг Говь-Алтай аймаг хэрэгжүүлэх үүрэгтэй биз дээ?
-Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Зохицуулах хороо шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө гэж заасны дагуу Зохицуулах хорооноос баталсан тарифыг мөрдөх үүрэгтэй.
-Аймгийн удирдлага ЭХЗХ-ноос баталсан тарифыг хэрэгжүүлэхгүй удаашруулж буй тохиолдолд хариуцлага тооцох ямар механизм байдаг вэ?
-Батлагдсан тарифыг мөрдөхгүй байгаа тохиолдолд хангагч байгууллага хуулиар олгогдсон эрхийн хүрээнд буюу Эрчим хүчний тухай хууль, Иргэний тухай хууль, холбогдох бусад дүрэм, журам, дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу хэрэглэгчийн дулааны эрчим хүчийг түдгэлзүүлэх болон шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй.
-Хэрэв Говь-Алтай аймагт үүссэн тарифын асуудал шийдэгдэхгүй үргэлжилбэл орон нутгийн дулаан хангамжид ямар эрсдэл үүсэх вэ?
-Хэрэглэгчдэд борлуулсан дулааны эрчим хүчний авлага барагдуулах хугацаа уртсах, компанийн хэрэглэгчээс авах авлагын хэмжээ нэмэгдэнэ.
Б.МАНДАХ
Өдрийн сонин







Зочин · 33 минутын өмнө
XUCHINDUULI JARGAAN VABALDI BOOBN XXN BOOW DOLOOMR80955877