Ц.Магалжав: Улсын арслан Р.Пүрэвдагва найман удаа залуучууд хэрэглэхээ больсон хараалын үг хэлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан
2 цагийн өмнө

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл өчигдөр хуралдаж, Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний ерөнхий дасгалжуулагч, улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сарын хугацаатай хассан.
Тэгвэл үүнтэй холбогдуулан МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав товч мэдээлэл өглөө. Тэрбээр "Улсын арслан Р.Пүрэвагвын хувьд 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаар орж байсан.
Ингэхдээ зургаан удаагийн ёс зүйн зөрчил гаргасан үйлдэл дээр уучлалт гуйж байсан. Зөвлөлийн зүгээс улсын өндөр цолтой бөх учраас залуу хойч үеийн бөхчүүдэд үлгэр дуурайлал болж яваарай гээд анхааруулга өгч барилдуулсан.
2025, 2026 онд Монгол бөхийн өргөөнд болсон заал танхимын барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагвын хувьд өөрийг нь давсан бөхчүүд, засуул, хөлийн цэцэд найман удаа ёс зүйгүй үйлдэл, хандлага гаргасан. Энэ найман удаад хүүхэд залуучууд хэрэглэхээ больсон хараалын үг хэлж, ёс зүйгүй үйлдэл гаргасанд таван сарын хугацаатай эрхийг хассан.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаярын хувьд хоёр бөх барилдах үед хөндлөнгөөс очиж, хэнд хандаж хэлж буй нь мэдэгдэхгүйгээр ёс зүйгүй үг хэлж үзэгч олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэсэн. Үүний дагуу түүнд барилдах эрхийг нэг сараар хасаж, хатуу анхааруулга өгч шийдвэрлэсэн.
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг Их-Эе-ийн хурлаар дүрэмдээ заасан байдаг. Энэ зөвлөлд хүний эрхийн хуульч, эрх зүйч, өмгөөлөгч, түүхч хүмүүс орж ажилладаг. Ямар нэгэн асуудлыг хуулийн хүрээнд нухацтай хэлэлцэж, бөхчүүдэд соён гэгээрүүлэх анхааруулах ажлыг хийдэг" гэв.







Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh