Өнөөдөр Бурхан халдун уулнаа 99 зайран Хар сүлдний тахилгыг үйлдэнэ
1 цагийн өмнө

Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслол өнөөдөр /06.22/ эхэлж байна. “Мөнх тэнгэр хороо”-ноос гаргасан сонгон шалгаруулалтын болзлыг хангасан есөн шилдэг зайран өнөөдөр Төрийн голомтын галын тахилга, Хар сүлдний тахилгыг үйлдэнэ. Бурхан Халдун хайрханы тэнгэрийг тайх ёслолд бөө нарыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцуулах шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм.
Төрийн нэрийн өмнөөс олон бөөгөөр тодорхой зорилго бүхий үйл хийлгэх тохиолдол түүхэн уламжлалтай болохыг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл болон Жужан, Хятан улсын тухай түүхэн сурвалжуудыг харьцуулан судалсны үндсэн дээр тогтоожээ.
Монгол Улсын хэмжээнд өдгөө 5-6 мянга орчим бөө байдаг гэж үздэг бөгөөд тэдгээрээс дор хаяж 13 жил бөөлсөн, ёс зүйн хувьд үлгэр жишээ, өөрийн санаачлагаар нийгмийн сайн сайхны төлөө үйлс хийдэг, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, нэр хүнд цэвэр ариун гэх мэт олон шалгуурыг архивын таван үеийн тухай лавлагаа, цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэрэг олон баримтаар баталж чадсан шилмэл 99 бөө Бурхан Халдуны төрийн тахилгад оролцож Бурхан Халдун уулнаа мөн нарны залбирал, лусын тахилга, хайрханы тахилга, галын тахилга зэргийг үйлдэх юм байна.






