Өнөөдөр Монголын эстрадын дуу хөгжмийн хөгжлийн түүх, үе үеийн сонсогчдын дурсамжийг нэгэн дор нэгтгэсэн тоглолт болно
1 цагийн өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2026” арга хэмжээний хүрээнд Монголын эстрад, дуу хөгжмийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван жилийн турш үе үеийн сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн домогт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Тус тоглолт энэ сарын 28-ны өдөр буюу өнөө орой 20:00-00:00 цагийн хооронд болно. Тоглолтод “Соёл-Эрдэнэ” хамтлагийн хамтлагийн үе, үеийн уран бүтээлчид оролцохоос гадна монголын рок, поп хөгжмийн өнгийг тодорхойлсон шилдэг уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулах юм. Тухайн үеийн дуучид бүгд амьдаар дуулдаг байсан яг л тэр мэдрэмжийг фэнүүддээ мэдрүүлэх ажээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранбаатар, анхны дөрвөн ятгачны нэг Д.Цэрэнбат нар оролцох бөгөөд тэд тоглолтын үеэр Монголын анхны поп-рок гитарчин, Төрийн гагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн “Цэнхэр залаа” хөгжмийг тоглох гэнэ.

Хүндэтгэлийн тоглолтод “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Хонх”, “Niciton”, “Шар айраг”, “Дэлхий”, “Nisvanis”, “The Lemons” хамтлагууд оролцож, өөрсдийн шилдэг бүтээлүүдээсээ хүргэнэ. Мөн Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, гавьяат жүжигчин Г.Жаргалсайхан, Ч.Насантогтох, Х.Лхагвасүрэн, С.Бархас, С.Наран, Ж.Алтанцэцэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Одсүрэн, гитарчин Өөжгий, дуучин Н.Наагий, Б.Наки, Б.Оюу, Б.Хонгор, Г.Тэнүүн, Б.Анужин нар оролцож, үзэгч сонсогчдод ая дуугаа өргөн барихаар ажиллаж байна.
Тоглолтын үеэр “Цэнхэр залаа”, “Анхны хайрын дуу”, “Сансрын хөлөг”, “Хотын гэрэлт гудамж”, “Арван найман нас минь намайг бүү орхиоч”, “Тэмээн жингийн цуваа”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг Монголын хөгжмийн алтан сан хөмрөгт багтсан бүтээлүүд амьд хөгжим, амьд дуугаралттайгаар эгшиглэж, үе үеийн дурсамжийг сэргээх онцгой үдэш болох нь ээ.






