Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээний гол буруутан нь Монголчууд. С.Баяр, С.Баярцогт нар гадныханд ашигтай гэрээ хийх боломжийг олгосон
2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Оюутолгойтой холбоотой байр сууриа илэрхийлэв. Тэрээр:

"Оюу Толгойн борлуулалт хоёр дахин нэмэгдчихээд байна. Гэтэл бидний авч байгаа ашиг байхгүй, харин зээлийн төлбөр өндөр хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах гэж байна. Ерөнхийлөгч- төрийн тэргүүн саяхан шаардлага тавьсан хүмүүсийг хүлээн авч уулзсан нь зөв асуудал. Ийм зүйлийг төр, засгийн удирдлагууд л арга хэмжээ авч шийдэх ёстой. Тэд нэг талдаа бус, асуудлын аль талд ч шударга байр сууринаас хандаж байж шийдвэр гарна. Хэрэв нэг талд хэт орвол асуудал шийдэгдэхгүй.
Ер нь бид хүлцэнгүй болж, эх орон луйвардуулж байхад ч хувь хүн өөрөө тэмцэх ёстой мэт ойлгодог болсон. Ийм л нийгэмд бид амьдарч байна.
Цаашдаа Оюу Толгойн асуудлыг ганцхан тодорхой гишүүд шийдэх асуудал биш. Ер нь хамгийн гол буруутан нь Монголчууд өөрсдөө гэж би харж байна.
Учир нь ашигтай байж болох энэ гэрээний боломжийг С.Баяр, С.Баярцогт нарын үед олгож, тогтворжуулсан. Ингэснээр тухайн гэрээг өөрчлөх маш хэцүү болсон.
С.Баярцогт нар намын удирдлагын түвшинд гарч ирээд, дараагийн Засгийн газрууд “тогтворжуулсан гэрээ учраас өөрчлөх боломжгүй” гэсэн байр суурьтай явсаар ирсэн. Үүнээс болж энэ гэрээг өөрчлөх боломж маш хязгаарлагдмал болсон.
Иймээс үүнийг нийтээрээ анхаарч байж шийдэх асуудал гэж би харж байна. Хамгийн гол асуудал нь энэ “тогтворжуулсан гэрээ” хэвээр байгаа явдал юм." гэсэн юм.
Б.Төгсбаясгалан
sonin.mn






