Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр 07:00 цагт enaadam.mn сайтаар худалдаалахыг өчигдөр зохион байгуулах хорооноос нь мэдэгдсэн.

Иргэд өнөө өглөө цаг 07:00 болохтой зэрэгцэн дээрх сайтад нэвтэрч тасалбараа авах гэтэл ихэнх суудал түгжигдсэн, зарагдсан гэх төлөвт шилжсэн байжээ. Зарим иргэд суудлаа сонгоод төлбөрөө хийх гэтэл амжилтгүй болсон байна. Нөгөө хэсэг нь төлбөрөө төлөх гэсэн болохгүй байсан гэх зэргээр санал бодлоо нийгмийн сүлжээнд хуваалцлаа.

Уг нь долоодугаар сарын 11, 12-ны нээлт, хаалтын тасалбарыг 150 мянган төгрөгөөр худалдах байсан бөгөөд нэг хүн хамгийн ихдээ хоёр тасалбар авах боломжтой гэж албаныхан мэдээлсэн билээ. Мөн системийн ачааллыг тэнцвэржүүлэх, зөв зохистой ажиллуулах зорилгоор 30-60 секунд тутамд суудлын мэдээллийг шинэчлэн харуулна гэж онцолж байлаа.  Гэвч үндсэндээ тасалбарууд 4-6 минутын дотор бүрэн зарагдаж дуусжээ.