Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох шинэ авто зам тавих ажил эрчимтэй үргэлжилж байна.

Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд авто замын трасс дагуу давхацсан инженерийн байгууламжуудыг цогц хэлбэрээр шинэчлэх төслийг Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын захиалгаар “Дүүрэн гол” ХХК хариуцлан гүйцэтгэж байгаа юм.

Ажлын явцын талаар “Дүүрэн гол” ХХК-ийн захирал О.Нямбаяр "Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто замын доорх инженерийн шугам сүлжээ болон борооны ус зайлуулах шугамыг шинээр угсрах, кабелийн шугамуудыг шилжүүлэх, гэрэлтүүлэг суурилуулах зэрэг газар доорх болон дээрх дэд бүтцийн ажлуудыг иж бүрнээр нь шинэчлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 75 хувьтай байгаа бөгөөд ирэх долоодугаар сарын 15-нд багтаан шугам сүлжээний ажлыг дуусгаж, оршин суугчдыг халуун усаар хангахаар төлөвлөн шахуу хуваариар ажиллаж байна" гэлээ.

Уг нь инженерийн байгууламжийг шинэчлэх энэ ажил тавдугаар сарын 15-ны өдөр эхлэхээр төлөвлөгдөж байсан ч 2025-2026 оны хичээлийн жил хараахан дуусаагүй байсан болон Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр замын ачаалал эрс нэмэгдэх байдлыг тооцон хойшлуулжээ. Ийнхүү иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд зургаадугаар сарын 15-ны өдөр авто замыг хааж, барилга угсралтын ажлыг албан ёсоор эхлүүлсэн гэв.