ТОЙМ МЭДЭЭ
55 минутын өмнө

Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УЛСТӨР: Хаврын чуулганаа хаалтаа хийлээ. Үүнээсээ өмнө хэд хэдэн томилгоог хийж, хуулийг ёстой л машиндан баталлаа.
Монгол банкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох асуудлаар нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 126 гишүүний 107 нь буюу 84.9 хувь дэмжиж, Э.Анарыг Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо. Мөн УИХ-ын гишүүн М.Мандхайг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгосон юм. Үргэлжлүүлэн зарим хуулийн төслийг эцэслэн батлав. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа.
НИЙГЭМ: Долдугаар сар эхлэхтэй зэрэгцэн жил бүр томоохон дуулиан дэгддэг. Тэр нь Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэх тасалбар гэдэгтэй хэн ч маргахгүй ээ. Тэгвэл өнөө жил эл бичигдээгүй дүрмийнхээ дагуу маргааныг дэгдээж л орхилоо. Үүнээс гадна олонд ихээхэн таалагдсан нэгэн шийдвэрийг Н.Номтойбаяр танилцуулсан нь ч бас нэлээдгүй маргааныг дагуулсан билээ.
Тэрээр "Энэ жил Үндэсний их баяр наадмын тасалбарыг 100 хувь борлуулна. УИХ-ын гишүүд, сайд, дарга нар индэрт урилгаар залардгийг болиулна. Баяр наадмын нээлтийн бүх билетийг Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос тогтсон үнийн дагуу худалдаж байна. Үүнээс чөлөөлөгдөх ямар ч хүн байхгүй. Гагцхүү монголчууд бидний үндэсний соёл, уламжлал байдаг, гадны зочдодоо үнэ төлбөргүй урилга өгнө" хэмээн юм. Харин наадмын нээлтийн тасалбар долдугаар сарын 01-нд цахимаар зарагдах нь нээгдэж ердөө 6-хан минутын дотор зарагдаж дуусжээ. Тэгвэл энэхүү хурдтай зарагдсан тасалбар нь ганц ч хонолгүй шагийн үнээр борлуулагдаж байна гэх шуум дэгдэх нь тэр. Гэтэл ЦЕГ-т "наадмын нээлтийн тасалбар зарна" гэсэн зарын дагуу мөнгөө залилуулсан иргэд олноороо хандах болжээ.
ЭДИЙН ЗАСАГ: ҮНЭ ХАНШ: Махны үнэ гурван сарын дотор 6-11 мянган төгрөгөөр нэмэгдлээ
Өнгөрсөн долоо хоногт хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх 7 хоногоос 0.8 хувиар, өмнөх сараас 3.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарав.
- Төмсний үнэ 4.2 хувь,
- Луувангийн үнэ 2.3 хувь,
- Хонины ястай махны үнэ 1.6 хувь,
- Үхрийн цул махны үнэ 1.3 хувиар тус тус өссөн байна.
Тэгвэл одоогоос гурван сарын өмнө хонины мах нэг килограмм нь 22 мянган төгрөг, үхрийн мах 27 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин өнөөдөр махны үнэ огцом өссөн буюу хонины мах 6000 төгрөг, үхрийн мах 11 мянган төгрөгөөр нэмэгджээ.
- 2022 онд нэг килограмм үхрийн мах 16 мянган төгрөг,
- 2023 онд 18,800 төгрөг,
- 2024 онд 20 мянган төгрөг,
- 2025 онд 23 мянган төгрөг байсан бол энэ оны гуравдугаар сараас эхлэн 37 мянган төгрөг болж махны үнэ тэнгэрт хадлаа.
СПОРТ: Н.Батсуурь нарын бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгожээ
Өнгөрсөн жилийн баяр наадмаар Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт өвдөг шороодсон Дархан аварга Н.Батсуурь, Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын заан Б.Пүрэвсайхан нарт цол, чимгийг нь нөхөж олгожээ.
Тодруулбал, 6-ын даваанд өвдөг шороодсон Улсын заан М.Лхагвагэрэлд “Үнэн зоригт”, 7-ын даваанд өвдөг шороодсон Улсын заан Б.Пүрэвсайханд “Хуурнин шуугигч”чимэг олгосон байна.
СОЁЛ УРЛАГ: Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын санаачилгыг хотын удирдлага дэмжин, хамтран ажиллана
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран бүтээлүүдээсээ бүрдсэн анхны цомог "Хайрын хүч"-ийг гаргаж, бие даасан уран бүтээлчээр 21 дэх жилдээ, "Камертон" хамтлагт 31 дэх жилдээ уран бүтээлээ туурвиж байна.
Уран бүтээлийн ойн хүрээнд нийгэмд эерэг өөрчлөлт авчрах уриалга гаргаж, өөрийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хүүхдийн цэцэрлэг барих асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагватай өнөөдөр уулзлаа.
Уулзалтын үеэр төрийн соёрхолт, дуучин Д.Болд Улаанбаатар хотод олон жил амьдарсан иргэний хувьд, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж ирсэн уран бүтээлчийн хувьд ч хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийхээр шийдэж, албан бичгээр хандсан, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хотын дарга Б.Пүрэвдагваас хүслээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хүүхдийн төлөөх бүхий л санаачилгуудыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Тэрбээр “Хотын зүгээс “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар" концепцийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна. Үүнд хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж хамгийн чухал асуудлын нэг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хүүхдийн цэцэрлэггүй нийт 24 хороо байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Олимп хотхон, Улаанхуаран орчим, Баянгол дүүргийн Голден парк орчим, Хан-Уул дүүргийн Хүннү хороолол орчимд цэцэрлэг нэн тэргүүнд хэрэгцээтэй байна. Эдгээр цэцэрлэг хэрэгцээтэй байршлын жагсаалтыг санал болгож, газрын зөвшөөрөл болон бусад асуудлаар дэмжиж, хамтран ажиллана” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл төр иргэний харилцаа, бизнес төрийн харилцааг илүү хялбар байлгах зорилгоор төрийн үйлчилгээг сайжруулах чиг үүрэг бүхий зохицуулагчийн ажлыг Б.Сэмжидмаа хариуцаж байгааг дурдаад, хүн бүрийн оролцооноос хамаарч соёлтой, цэвэр цэмцгэр, аюулгүй Улаанбаатар хотыг бүтээнэ хэмээн онцоллоо.






