Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...
1 цагийн өмнө

Г.Дамдинням Уул уурхайн сайд болсноосоо хойш АМНАТ-өөр их дагнаж байгаа. Сайд болуутаа хувийн компанийн 200 тэрбумын АМНАТ-ийг чөлөөлсөн гэх шүүмжид өртсөн.
Уул нь: Үүнийг олон улстөрч нотолж ярьсан. Гэвчиг: Өөрөө гүрийсэн. Тэгж эвгүй байдлаас мултарч гарсан. Эдүгээ АМНАТ-ийг буулгах заалтыг Ашигт малтмалын хуульд хийчихээд УИХ-д оруулчихаад байгаа. Үүнийг нь дэмжсэн, эсэргүүцсэн талцал үүссэн. Гэлээ гэхдээ: Дэмжихээсээ эсэргүүцэх нь их. Эсэргүүцэж байгаа хэдээс нь улс төр гэхээсээ факт жийргэлж хэлсэн нь Н.Алтанхуяг гишүүн. Тэрээр өнгөрөгч 7 хоногт: Намайг Ерөнхий сайд байхад 13 онд УИХ-д Оюутолгойн асуудлаар нээлттэй мэдээлэл хийсэн. Тэр үед “ОНТРЭ”-гийн хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгох үйл явц хууль зөрчсөн гэж мэдээлж байсан. Дараахан нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг түдгэлзүүлсэн. Миний харж байгаагаар бол одоо “ОНТРЭ”-гийн лиценз гэж байхгүй. Тэр Монголын лиценз болсон байх учиртай. Тэгэхээр Монгол Улс “Рио Тинто” компанитай яривал ярина, “ОНТРЭ”-той ярих ямар ч шаардлага байхгүй. АМНАТ-ийг багасгана гэж сайд Г.Дамдинням яриад гүйгээд байгаа нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй. Сонирхлын зөрчилтэй гэх нотлох баримтууд иргэдээс надад ирсэн. Иргэдээс ирүүлсэн материалыг би нягталсан. Г.Дамдинням сайд Канадад магистр хамгаалсан. Магистр хамгаалуулсан болон хичээл орж байсан багш нар нь “ОНТРЭ” компанитай холбоотой гэдгийг нотолсон баримтууд байгаа. Тэр материалуудыг би цахим хуудсандаа тавьсан гэж. Энэнд Г.Дамдиннням хариу барьж: Засгийн газар “Рио Тинто” компанийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, цаг хугацаа тун удахгүй үүнийг харуулна. “ОНТРЭ”-гоор бэлэг барьсан зүйл үгүй. “ОНТРЭ” компанитай хөрөнгө оруулалтын шинэ гэрээ байгуулна. 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгуульд санаатай ахмадууд маань хардсан, гүтгэсэн увайгүй юм хийж байна. Нас, намбаа бодох хэрэгтэй. Монгол Улсын эдийн засаг 17.6 хувьд хүрсэн байхад Ерөнхий сайд болоод -1 рүү аваачсан гашуун туршлагаа битгий давтаарай гэж Н.Алтанхуяг гуайгаас хүсье. Монголын ирээдүйн хөгжилд та нөхдийн увайгүй үйлдэл маш их гай болсон шүү гэсэн.
Энэ 2 ингэж хэрэлдэж. Эндээс нь харин бид нар 1 юмыг сайн анзаарах ёстой. Г.Дамдинням, “ОНТРЭ” 2 үнэхээрийн холбоо хамаарал байна уу. Энэ л чухал. Гээд үзлээ, нягталлаа. Г.Дамдинням, “ОНТРЭ” 2 яах аргагүй холбоо хамааралтай байна. Тэрийг нь олж тогтоогоод байх ч юм алга. Ихэнх нь нээлттэй мэдээллийн сангуудад байна. Монголоор: Ургийн модны мөчир сүлжээ шахуу юм.
Г.Дамдинням намтартаа: 15 онд Канад Улс-Бритишийн Колумбын их сургуулийн судлаачаар дүүргэсэн гэж бичиж. Мэдээллээс харах нээ: 13-16 онд Канадын Бритиш Колумбын их сургууль буюу UBC-гийн Уул уурхайн инженерийн сургуулийн магистрт сурч. Тэр үед нь эдүгээгийн “ОНТРЭ”-гийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд Техникийн хорооны дарга Allan Moss хичээл заадаг байж. Allan Moss нь Г.Дамдиннямын дипломын удирдагч Dirk Van Zil-ийн хамтрагч. Тэд хамтран “Hard Rock Miner’s Handbook” номыг бичсэнээр нь уул уурхайнхан андахгүй.
Г.Дамдиннямын магистрын дипломын ажлын талархлын хуудсанд судалгааг нь санхүүжүүлж удирдсан Dirk Van Zil, хамтран удирдсан Julian Dierkes нар нэр дурдагдсан. Dirk Van Zil нь: Оюутолгойн хог хаягдлын аюулгүй байдлын шинжээчээр “Рио Тинто”-д ажиллаж байсан. Julian Dierkes нь: Оюутолгойн 9 оны гэрээ, Дубайн гэрээнд засаглалын үнэлгээ хийж, 13 онд Н.Алтанхуягийн хэлсэнчлэн “ОНТРЭ”-гийн лиценз цуцлагдахад олон улсын хэвлэлээр тэр компанийг өмгөөлж байж.
Цаашаагаа: “ОНТРЭ”-гийн ТУЗ-ийн Хууль эрх зүйн дэд ерөнхийлөгч Susan McLeod, хараат бус гишүүд Teresa Conway, Paula Rogers нар Канадын Бритиш Колумбын их сургуулийн Уул уурхайн сургуулийн төгсөгчид, тэр сургуулийн төгсөгчдийн холбооны идэвхтэй гишүүн. Г.Дамдинням ба “ОНТРЭ”-гийн ургийн холбоо сүлжээ иймэрхүү, тэрээр энэ компанитай холбоотой нь ч холбоотой юм.
Энэнээс хөвөрдөөд: Засгийн газрын ажлын хэсгийнхэн “ОНТРЭ”-той лиценз шилжүүлэх хэлэлцээр хийж байх үед сайд Г.Дамдинням нь Ашигт малтмалын хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ийг 3 дахин бууруулах заалт оруулж ирэхээр бэлдэж байгаа нь ард нийт, улстөрчдөд хардлага төрүүлж. Энийг: Ашиг сонирхлын ноцтой зөрчлийг үүсгэлээ гэж үзэж. Учир юм нь: Г.Дамдиннямынсэдсэн хуулийн өөрчлөлт нь “Онтэ”-гийн санхүүгийн ашгийг асар ихээр нэмэгдүүлнэ. Эсрэгээрээ: Монголын татварын орлогыг хохирооно. Тиймийн учраас: Г.Дамдинням хувийн холбоо хамаарал бүхий гадаадын компанийн эрх ашигт үйлчилсэн уул уурхайн том лобби хийж байж болзошгүй гэдэг монголчуудын хардлага зүй ёсны юм. Өөрийнх нь хүссэнчлэн: Хууль хяналтынхан энийг нягталж 1 талд нь гаргах үүрэгтэй...
Ө.БАТБИЛЭГ
ӨДРИЙН СОНИН







Бат · 50 минутын өмнө
Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох энэ үед л улс хөгжинө