Нийслэлийн зуны "гамшиг": 250 гаруй ажилтан, алба хаагчид үерийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна
1 цагийн өмнө

Нийслэл хотод хүн амьдрахад улам л ээлгүй болоод байна гэхэд хилсдэхгүй боллоо. Зуны улиралдаа ч тайван амьдрах нөхцөлгүй болсны тод жишээ өнөөдөр үүрээр орсон бороо. Усархаг борооны улмаас үер буув.
Машины зогсоолд тавьсан автомашин нь усанд живж олон иргэд санхүүгийн хохирол амссан талаараа иргэд ярьж байна. Зам засварын ажлыг жил болгон л хийдэг. Гэвч ус зайлуулах шугам хоолойг мэргэжлийн хүн нь тавьж чаддагүй юу, эсхүл тавих боловсон хүчин байдаггүй юм уу гэлтэй зун болохоор л үерийн асуудал яригддаг. Өвөл нь намжиж утааны асуудал сөхөгдөж улиг болсоор сайжирч байгаа юм алга.
Монголд 1966 оноос хойш тохиосон хоёр дахь том үер болсон гэж албаныхан өмнөх жилийн үерийн үеэр онцлоод л өнгөрсөн. Тодруулбал, 2023 оны үерт 128,000 гаруй хүн өртөж, 20,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлж байсан. Энэ үерээр 54 байшин, 15 гэр нурсан бөгөөд 141 орон сууцны барилгын зоорины давхар усанд автаж, хийц эвдэрсэн. Мөн 500 гаруй автомашин эвдэрсэн тоо баримт бий. Үерийн нийт хохирол 50.2 тэрбум төгрөг гэсэн тооцоолол гарсан. Мөн 2024 онд борооны улмаас Дарь-Эх орчмын айлууд үерт автсан.
Өнөөдрийн хувьд 38 баршилд ус тогтож, 15 байршил дээр холбогдох байгууллагын хамтарсан баг ажиллаж байгаа гэв. Нийт 250 гаруй ажилтан, алба хаагчид үерийн хор уршгийг арилгах зорилгоор ажиллаж байгаа аж. Нийслэлд голуудыг дагасан байршилд томоохон үер болдог бол хотхон, хороолол дунд ус тогтсон үерийн эрсдэл үүсдэг гэдгийг албаны хүн мэдээллээ.






